Үйл явдал2 мин унших
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхэн өдөр тохиож байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Тусгаар тогтнол. Энэ л эрхэм үнэтэй зүйл хаад хаадын хүсэл зорилго, Монгол эрсийн халуун амь, бүлээн цус, Монгол хүн бүрийн сэтгэлийн хатаар дамжин бид бүхнийх болсон юм. Энэхүү хоёрхон үгэнд улс үндэстний өлгий болсон эх орны мөн чанар оршин байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа.
Үүний баталгаа болсон Монголчууд дэлхий дахинд эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин тунхаглаж, төрт улсаа сэргээн байгуулсны 114 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр туурга тусгаар Монгол Улсын нийт ард түмний баярын өдөр юм. Түүхийн шарласан хуудсыг эргэн сөхье. Монголчууд XIII-XIV зуунд дэлхийн түүхийг тодорхойлж байсан хүчирхэг байдлаа алдсан нь хоорондоо зөрчилдөж, хагаран бутарснаас үүдэлтэй. Энэ нь Монгол төрийн баганыг хазайлгаж, Манж чин улсын эрхшээлд ороход хүргэсэн гэж үздэг.
Тэгвэл ХХ зууны эхэн болоход Манжийн дарлал дор байсан Монголын ард түмний тэмцэл өргөжин эрх чөлөө, тусгаар тогтнолоо харийн эрхшээлээс чөлөөлөх түүхэн цаг үед тулж ирсэн юм.
Энэ талаар, “Үндэсний тусгаар тогтнолоо өмнөд Монгол Манжид эзлэгдсэнээс хойш 275 жилийн дараа, Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жилийн дараа баруун Монгол, Ойрад Монгол Манжийн түрэмгийлэлд автсанаас хойш 160-аад жилийн дараа буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд сэргээсэн” хэмээн түүхч, академич Ж.Болдбаатар нэгэнтээ өгүүлсэн байдаг.
Иймээс энэ өдрийг Үндэсний тусгаар тогтнолын өдөр, эрх чөлөөний өдөр хэмээн түүхэндээ тэмдэглэдэг. 1911 оны Үндэсний хувьсгал бол 1921 он, цаашлаад XX зуунд Монгол Улс сэргэн мандах эхлэл болжээ.

