Үйл явдал1 мин унших
УИХ-ын асуулгын цаг “Унасан эдийн засаг, уруудсан итгэл” сэдвийн хүрээнд өрнөлөө

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын асуулгын цагийг хийлээ.
Улсын Их Хурлын асуулгын цагийг ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийх бөгөөд Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдад хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавьж, хариулт авахаар заасан байдаг.
Ерөнхий сайдад тавих асуултаа гишүүд Улсын Их Хурлын даргад бичгээр долоо хоногийн өмнө, түүнийг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын хоёр өдрийн дотор хүргүүлэхээр, мөн Улсын Их Хурлын асуулгын цагт Ерөнхий сайд өөрөө биечлэн хариулт өгөхөөр хуульчилсан.
Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авах хугацаа цөөнхийн бүлэгт 75 минутаас, олонхын бүлэгт 15 минутаас, цөөнхийн гишүүдэд 30 минутаас хэтрэхгүй, мөн Ерөнхий сайдаас асуух, түүнд хариулах, үг хэлэх хугацаа хоёр минутаас хэтрэхгүй байдаг юм.
Улсын Их Хурлын өнөөдрийн асуулгын цаг “Унасан эдийн засаг, уруудсан итгэл” сэдвийн хүрээнд өрнөж, Их хурлын гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд Г.Занданшатараас хариулт авлаа.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг болон баялгийн хулгайтай хийж буй тэмцэл үргэлжилж байгаа талаар Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдэд мэдээлэл өгч, мэтгэлцлээ.

