Үйл явдал2 мин унших
Ш.Бямбасүрэн: Зүүн бүс, Цэцэн хан нутгийн түмэн олондоо шинэ он, шинэ жилийн мэндийг хүргэе!

Монгол Улсын хөгжил дэвшилд түүхэн үүргээ гүйцэтгэсэн, цаашид ч их ачаа үүрэх Зүүн бүс, Цэцэн хан нутгийн түмэн олондоо шинэ он, шинэ жилийн мэндийг хүргэе.
2025 онд Монголчууд бид шинэ сорилт, шинэ амжилтаар дүүрэн байлаа. Төрд хандах иргэдийн хяналт, оролцоо идэвхжиж, хариуцлагатай ил тод байдлыг сануулж тэр хэрээр УИХ-ын хяналт сайжирсан жил өнгөрч байна. Та бүхнийхээ итгэлийг өвөртлөн төр түших эрхэм үүрэг хүлээсэн Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын шинэчлэлийг түргэвчлэх, эдийн засгийг тэлэх, төрийн оролцоог хумих чиглэлд ард иргэдийнхээ санал хүсэлт, дуу хоолойг бодлого, шийдвэрт тусгахын төлөө хичээн, хариуцлагатай ажиллаж байна.
Ирэх оныг Монгол Улсын Засгийн газраас "Боловсролын жил" болгон зарлалаа. Тэгш хүртээмжтэй, чанартай боловсролын нэгдсэн тогтолцоог бэхжүүлэхээр зорилтот жилийг тодорхойлсон бөгөөд УИХ-ын гишүүний хувиар гүйцэтгэх засаглалын бодлогод хяналт тавьж, иргэд Та бүхнийхээ санал хүсэлт, дуу хоолойг хүргэж ажиллах болно. 2026 онд Дорнод аймагт 124.9 тэрбум төгрөгийн 8 бүтээн байгуулалтын ажил шинээр эхлэхээс тэн хагас нь буюу 4 ажил нь боловсролын салбар дахь бүтээн байгуулалт юм. Сүхбаатар аймагт шинээр 13.4 тэрбум төгрөгийн цэцэрлэгийн барилга, сургуулийн спорт заал, дотуур байрны ажил эхлэх бол Хэнтий аймагт өмнөх жилүүдэд эхэлсэн 27 ажил, хөтөлбөр улсын төсвийн хөрөнгөөр үргэлжлэн хэрэгжинэ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс парламентын хяналтыг бэхжүүлэх, төсвийн сахилга бат, ил тод байдлыг шаардах, хүний эрх, бизнесийн эрх чөлөөг хамгаалах, төрийн хэт оролцоог шүүмжлэх байр суурийг тууштай илэрхийлж ажиллалаа. Ирэх ондоо хариуцлагатай төр, иргэн төвтэй бодлого, чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөнийг дэмжсэн эдийн засгийн бодлогыг дэвшүүлж, өндөр ёс зүйтэй ажиллах болно.
Нутгийн зон олон минь ирэх ондоо эрүүл саруул, амжилт бүтээл дүүрэн байх болтугай.
Шинэ жилийн мэнд хүргэе
Сэтгүүлч Ц.Соёлмаа

