Үйл явдал2 мин унших
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар 2025 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц олон шинэ ажил хийж хэрэгжүүлснээс “ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцуулж байна.
Зам, тээврийн салбарын 90 гаруй цахим үйлчилгээнээс “E-mongolia” системээр 31 үйлчилгээг үзүүлдэг боллоо. Хамгийн сүүлд тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн ба сүүлийн 10 хоногт 3500 хүн үйлчлүүлжээ.
Олон улс, улсын чанартай авто замын төлбөрийг авах цахим төлбөр авах цэгийн тоо 6-аар нэмэгдэж 12 боллоо. Бусад 27 цэгийг цахимжууулах ажлын гэрээ байгуулагдлаа. Автотээврийн улсын байцаагчийн зөрчлийн хэргийн шийтгэврийн систем, RFID нэгдсэн хяналтын систем, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн системүүдийг хөгжүүлэх ажлууд эхэлллээ.
Зам, тээврийн салбарын бүх тусгай зөвшөөрөл цахимжлаа. Хил дамнасан цаасгүй худалдаа тээврийг нэвтрүүлэх ажлын хэсэг Гадаад харилцааны яаманд байгуулагдан ажиллаж байна.
Зам, тээврийн салбарын тусгай зөвшөөрөл бүрэн цахимжиж, хил дамнасан цаасгүй худалдаа, тээврийг нэвтрүүлснээр үйлчилгээ шуурхай, ил тод болж, хил дээрх саатал буурч, тээвэр логистикийн зардал багасан, олон улсын худалдааны өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
“Зөвшөөрлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд зам, тээврийн салбарын бүх тусгай зөвшөөрлийг eBusiness платформоор дамжуулан цахимаар хүлээн авч, Засгийн газрын нэгдсэн зөвшөөрлийн системээр хянаж шийдвэрлэх боломж бүрдүүлсэн. Ингэснээр хууль давсан шат дамжлагыг бууруулж, зөвшөөрөл олголтыг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөний зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

