#Коммент4 мин унших
Б.Дэлгэрсайхан: Зам, тээврийн салбар улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж ажиллалаа

Зам, тээврийн салбар 2025 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц олон шинэ ажил хийж хэрэгжүүлснээс “ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцуулж байна.
Багахангай-хөшгийн хөндий салбар төмөр замын төсөл 84 хувьтай үргэлжилж байна
Төмөр замын бүтээн байгуулалт 2025 оны 4 дүгээр сарын 25-нд албан ёсоор эхэлсэн билээ. Барилгын ажлын доод бүтцийн газар шорооны ажил одоогоор 96.2 хувь, дээд бүтцийн 7.1 км зам угсрагдан нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.Тус салбар төмөр зам ашиглалтад орсноор шатахуун болон тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг 34 нэр төрлийн аюултай ачааг Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын дундуур нэвтрүүлэхгүйгээр Богд уулын урдуур чиглэсэн шинэ төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэх юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Энэхүү бүтээн байгуулалтын анхны шон өрөмдлөгийн ажлыг хоёр улсын хилийн 0 цэгт 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлснээр барилгын ажил албан ёсоор эхэлсэн бөгөөд төслийн санхүүжилтийн 30 хувийг шийдвэрлэж гүйцэтгэгч компанид олгосон, барилгын ажил одоогоор 8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.Тус төслийг хэрэгжүүлснээр Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг иргэний нисэхийн салбарт зарцуулахаар тогтов
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж, 40 тэрбум төгрөгийг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх нислэгийн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар шийдвэрлэлээ.
Зам, тээврийн салбарт олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг нэмж байгууллаа
2025 оны байдлаар зам, тээврийн салбарт нийт 80 олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, үүнээс авто тээврийн салбарт 20, иргэний нисэхийн салбарт 49, төмөр замын салбарт 11 хэлэлцээрийг байгуулаад байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний тээврийг зохицуулах эрхзүйн шийдвэр, хэрэгжилтийн үр дүн гарлаа
Засгийн газрын 77 дугаар тогтоолын дагуу уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, улсын төсөв, авто замын санд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын төсөв, авто замын санд 1.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна.
Улсын төсөвт зам, тээврийн салбараас төвлөрүүлэх орлого 100 хувийн биелэлттэй байна
Агаарын навигацийн үйлчилгээний хураамж 80 тэрбум төгрөг төвлөрүүлж 100 хувийн гүйцэтгэлтэй байхаар тооцоолов. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.5 хувиар өсөх үзүүлэлттэй байна. Төлбөр хураах цэгийн орлого: Авто замын ашиглалт, жин, даац хяналт, авто замын үйлчилгээний төлбөрөөс 30.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 100 хувь гүйцэтгэлийг хангасан. Хөлөг онгоцны бүртгэлийн орлого: 2025 онд хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаанаас 300 сая төгрөгийг төсөвт төвлөрүүллээ..
Агаарын тээврийг либералчилж, нислэгийн сүлжээг өргөжүүллээ
Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 12.7 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.6 хувиар өссөн байна. Агаарын тээврээр 2.4 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар өсөв.
Зам, тээрийн салбарын тээвэрлэлтийн үзүүлэлт нэмэгдэв
Монгол Улсын зам, тээврийн салбар 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 140.4 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар өсөв.
Төрийн үйлчилгээний цахимжилтыг эрчимжүүллээ
Зам, тээврийн салбарын 90 гаруй цахим үйлчилгээнээс “E-mongolia” системээр 31 үйлчилгээг үзүүлдэг боллоо. Хамгийн сүүлд тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн ба сүүлийн 10 хоногт 3500 хүн үйлчлүүлжээ.
“Зөвшөөрлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд зам, тээврийн салбарын бүх тусгай зөвшөөрлийг eBusiness платформоор дамжуулан цахимаар хүлээн авч, Засгийн газрын нэгдсэн зөвшөөрлийн системээр хянаж шийдвэрлэх боломж бүрдүүлсэн.
Засаглалыг сайжруулж, цомхон төрийн бүтцийг бэхжүүлэх чиглэлээр шинэчлэл хийв
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолын дагуу төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх бодлогын хүрээнд зам, тээврийн салбарын хэмжээнд нийт 256 орон тоог цомхотгон төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдүүдийн ажлын байрны давхардлыг бууруулж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлийг хийгээд байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

