Үйл явдал2 мин унших
Хала шоколадны домог ба дэлхийн боловсрол...

Энэ их сонин түүх. 1926 онд БНМАУ дэлхийн боловсролд сургахаар 35 охид хөвгүүдээ Герман, Франц улсад үдэн мордуулсан билээ. Германд буусан монгол хүүхдүүд хэл сайн сурах зорилгоор герман айлуудад хуваарилагдан суужээ.
Одоогийнхоор бол homestay. Сурагчдын дунд таван эмэгтэй сурагч байсны нэг нь жижиг шоколадны үйлдвэрийн эзний гэрт аж төрөх болов. Гэтэл тэр айлын хүү түүнд дурлажээ. Шоколадны үйлдвэрийн эзэн хүүгийнхээ сэтгэлийг бодон “Hala” нэртэй шоколад бүтээсэн нь Герман даяар түгж, “Hala” брэнд үүссэн түүхтэй.
Монголчуудын мөрөөдөл болсон, өрнөдийг зорин эрдэм өвөрлөн ирэх үйлсийн анхдагчид болох энэ хүүхдүүд дөрвөн жилийн дараа гялалзсан сэхээтэн залуус болон эх орондоо ирцгээсэн юм. Гэвч бараг бүгдээрээ хэлмэгдлийн хар шуурганд өртөж, ихэнхийнх нь хувь заяа бүдгэрсэн өрөвдөм түүхтэй.
Өвөр эгнээний зүүнээс хоёрт нь Г.Хаалаа охин зогсож байна. Яагаад “Hala” гэж? Учир нь охины нэрийг Г.Хаалаа гэдэг байжээ. Энэ түүхийг сонссоны дараахан Боловсролын сайдын хувиар 2023 онд ХБНГУ-д ажиллахдаа, Герман улсад суралцсан анхны монгол хүүхдүүдийн гэрэл зургаар хийсэн ил захидлын цомог, “Hala” нэртэй шоколад захиалан хийлгээд гарын бэлэг болгон авч очсон билээ.
Түүхийг сонсож, бэлэг гардан авсан герман нөхдийн маань сэтгэл ч хөдөлж, бид уулзалт бүрдээ л нэлээн хугацаанд энэ түүхийг тойрон хуучилж байлаа. Энэ онд Монгол охид, хөвгүүд Герман улсад суралцаж эхэлсний 100 жилийн ой болно. Сэтгүүлч Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” нэртэй цуврал ном бичиж байгаа.
Энэ алтан мөчийг бид харин алдаж болохгүй. Нөгөө 1,000 инженерийн төсөл маань саадгүй биелэх зам мөр нь зурагдах боломж гэсэн үг…

системийн_туйлдал_ба_реформ номын хэсгээс...
