Ярилцлага11 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Удирдсан ТӨК-иа алдагдалтай ажиллуулчхаад урамшуулах авдаг, сайдыгаа дагаад дахин томилогддог албан тушаалтнууд их байна

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын чуулган завсарласан энэ хугацаанд та ямар ажил дээр төвлөрч байна. Ямар хуулийн төсөл дээр анхаарч ажиллаж байна вэ?
-Чуулган завсарласантай холбоотойгоор тойрогтоо нэлээд идэвхтэй ажиллаж байна. Сая Булган аймгаа бүтэн тойроод 16 сум, нэг тосгонд ажиллаад ирлээ. Өнөөдрөөс Эрдэнэт хот руу явж ажиллана. Чуулганы завсарлагааны хугацаанд Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг бүгдийг нь бүрэн тойрч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна. Хуулийн төслийн хувьд Нийтийн өмчийн тухай хууль, өөрөөр хэлбэл төрийн өмчийн компаниудтай холбоотой асуудал дээр нэлээд нухацтай ажиллаж байна. Учир нь төрийн өмчит компаниуд өнөөдөр Монгол Улсын ДНБ-ий бараг 74 хувийг дангаараа бүрдүүлж, нийтдээ 60 гаруй их наяд төгрөгийн хөрөнгөтэй атлаа ихэнх нь алдагдалтай ажиллаж байна. Алдагдалтай ажиллуулчхаад урамшуулал авдаг, сайдыгаа дагаад дараагийн компанид очиж дахин томилогддог албан тушаалтнууд ч их байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар ТӨК-ийг хөгжүүлэх ёстой байтал алдагдлаа нөхөхийн тулд хөрөнгө оруулалт авдаг буруу жишиг ч газар авч байна. Ийм хариуцлагагүй байдлыг хууль, эрх зүйн түвшинд цэгцлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.
-Орон нутагт ажиллах явцад өвөлжилтийн байдал ямар байна. Иргэд голчлон ямар асуудал хөндөж байна Вэ?
-Булган аймгийн хувьд өвөлжилт харьцангуй сайн, малчид сэтгэл тэнэгэр байна. Харин иргэдийн голлон ярьж байгаа асуудал нь 2025 онд үүссэн шударга бус байдал, хулгай, хээл хахууль, Засгийн газар, УИХ, гишүүдтэй холбоотой асуудлууд байна. Мөн төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг маш их хөндөж байгаа юм. Тухайлбал, 2024 онд орон нутгийн өмчит 394 компанид Үндэсний аудитын газраас шалгалт хийхэд 416 орчим тэрбум төгрөгийн алдагдал илэрсэн. Ийм зөрчлүүд иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж байна. Булган аймгийн жишээгээр аймгийн нөөцөд байсан мал, мах алга болсон асуудал яригдаж, үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж өгөөч гэсэн шаардлагыг иргэд тавьж байна
-Ер нь төрийн өмчит компаниуд дээр л хулгай, луйвар хамгийн их гардаг гэж иргэд харж байгаа. Энэ асуудалд тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй юу, эсвэл хариуцлага тооцох асуудал нь чухал уу?
-Би тогтолцооны өөрчлөлтөөс илүү хууль хэрэгждэггүйд л гол асуудал байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хариуцлагын тогтолцоо огт хэрэгжихгүй, хариуцлагагүйн зуд нүүрлэсэнд л бүх асуудал үүсч байна. Хуульд зааснаар төрийн өмчит компанийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох ёстой. Гэтэл бодит байдал дээр хэн нэгэн албан тушаалтны гарын хүмүүсийг шууд тавьснаар хулгай, луйвар үүсч байна. Нөгөө талаар Компанийн тухай хуулиар хувийн аж ахуйн нэгжүүдийг зохицуулж байхад төрийн өмчит компаниудыг тусдаа хуулиар зохицуулж байгаа нь алдагдалтай компаниудын хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг буруу тогтолцоог бий болгож байгаа юм. Толгой компани, охин компаниудын уялдаа, ТУЗ-ийн чадамж, хууль бус томилгоо зэрэг олон асуудал хуримтлагдсан. Засгийн газрын түвшинд "төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах ёстой” гэж ярьдаг атлаа бодит байдал дээр бүлэглэл үүсгэж, хүмүүсээ томилсоор байна. Алдагдалгүй ажиллуулах бодит алхам, бодлого харагдахгүй байгаа нь хамгийн том асуудал. Иймээс УИХ дээр Нийтийн өмчийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудын хэрэгжилтийг сайжруулах, хариуцлагын механизмыг бодитоор ажиллуулах чиглэлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, манайд хууль хангалттай байгаа. Харин тэрхүү хуулиа хэрэгжүүлэх болон хариуцлага тооцох асуудал алга.
-Хэрэгжилт, хариуцлага алга байна гэж хэллээ. Хуулийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Тэгэхээр Засгийн газар энэ дээр алдаа гаргаж байна гэж та үзэж байна уу?
-Тийм.
-Үүний тод жишээ нь ДЦС-4 дээр гарсан осол, доголдол гэж та хэлэх үү. Энэ нь бас төрийн өмчит компани. Энэ утгаараа мөн л төрийн өмчит компанийн бодлого, төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлаас болж өнөөдөр үйл ажиллагааны доголдолд орлоо гэж шүүмжлэх хүмүүс их байна...?
-Эрчим хүчний салбарын үнэ чөлөөлөлт, санхүүжилтийн асуудал удаан хугацаанд хийгдээгүй явж ирсэн. Энэ бол бодит үнэн. 1990 оноос хойш Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бүгд зах зээлийн зарчмаар явж ирсэн. Харин эрчим хүчний салбар төрөөс санхүүждэг, тусгай статустай байсаар ирсэн. Үүнийг дагаад хяналт сул, хариуцлагагүй байдал, хулгай луйвар газар авсан. Тухайлбал, 2019-2021 онд алдагдалтай ажилласан компаниудыг харахад есөн компанийн есөн захирал нь урамшуулал авсан байна. Гэтэл 2020, 2021 онд ДЦС-4-ийг удирдаж байсан захирал ч мөн адил алдагдалтай ажилласан атлаа урамшуулал авсан. Энэ бол маш ноцтой асуудал.
-Хэрэв тухайн үед нь хариуцлага тооцсон бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан гэж та үзэж байна уу?
-Тийм. Хэрэв 2019-2021 онд алдагдалтай ажилласан, урамшуулал авсан асуудлыг тухайн үед нь шалгаж, хариуцлага тооцсон бол 2025 он хүртэл энэ асуудал сунжрах байсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Дахиад л хариуцлагагүйн асуудал энд харагдаж байна. 2024 онд эрчим хүчний үнийг нэмэхдээ "тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт" гэж тайлбарласан. Энэ бодитой хэрэгжсэн үү гэвэл харамсалтай нь үгүй. ДЦС-4 ерөнхий удирдлагын зардлаа 1.8 тэрбум төгрөгөөр нэмсэн байна. Энэ нь ажилчдын цалин биш, захирал болон түүнийг хүрээлсэн удирдлагын зардал. Зөвхөн албан томилолт, удирдлагын цалин, хангамж нэмэгдсэн гэсэн үг. Эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ сайжрах ёстой байтал эсрэгээрээ өөрсдийнхөө зардлыг нэмэгдүүлэхэд зарцуулсан нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байна. 1.8 тэрбум төгрөг бол тодорхой хэмжээний засвар, хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой мөнгө.
-Тэгэхээр гол асуудал нь хариуцлага уу?
-Гол асуудал бол хариуцлагагүйн зуд. Төрийн өмчит компаниуд дээр зайлшгүй хариуцлагын асуудлыг хөндөх шаардлагатай. Мэргэжлийн сонгон шалгаруулалт явагддаггүй, "гарын хүн"-ийг томилдог, ТУЗ нь хариуцлага хүлээдэггүй систем энд үйлчилж байгаа юм. Засгийн газар ТУЗ-ийн оролцоогүйгээр шууд томилгоо хийдэг. Ингэснээр ТУЗ-ийн чадамж унана, хяналт байхгүй болно. Хуультай бол хуулиа мөрдмөөр байна, эсвэл мөрдөхгүй юм бол ил тод хэлэх хэрэгтэй. Үгүй бол үнэ хэд дахин нэмээд ч хулгай, луйвар арилахгүй. Өнөөдөр ДЦС-тай холбоотой авлига, хулгайн асуудлууд АТГ-аар шалгагдаж, олон хүн холбогдож байна. Энэ мэдээллийг иргэд олон нийт хангалттай харж байгаа.
-Засгийн газар албан тушаалтнуудыг солино гэж ярьж байгаа. Энэ нь хариуцлага мөн үү?
-Алдагдалтай ажилласан төрийн өмчит компанийн алдагдлыг төр үүрдэг байж болохгүй гэдэг нь үндсэн зарчим. Хоёрдугаарт, ТУЗ-ийн бүрэлдэхүүн үндсэндээ төрөөс томилогдож байна. Төлөөлөл хэрэгжүүлэгч, эрх хэрэгжүүлэгч гэж хоёр бүтэц бий. Гэхдээ ТУЗ-ийн есөн гишүүний 5-6 нь төрийн албан тушаалтан болчихоор албан тушаал хавсарч, бодит хяналт хийх боломжгүй болдог. Ингэж байгаад л төрийн өмчит компаниуд эзэнгүйдэж, алдагдал, хулгай нүүрлэдэг.
-Төрийн өмчит компанийн ТУЗ-д орсон төрийн албан тушаалтнууд бодит хариуцлага хүлээдэггүй гэж та хэлж байна. Үүнийг яаж харж байна вэ?
-Тэд чиг үүрэг хэрэгжүүлэх нэрээр ТУЗ-д ордог болохоос биш бодит утгаараа хариуцлага хүлээдэг механизм огт ажиллахгүй байна. Өнөөдөр та бүхэн хараарай, ТУЗ-ийн гаргасан шийдвэрийн төлөө ял, зэм хүлээгээд явж байгаа хэчнээн хүн байна вэ. Бараг байхгүй. Хөгжлийн банкны хэрэг дээр л нэг удаа ТУЗ-ийн асуудал яригдсан. Бусад бүх тохиолдолд гүйцэтгэх удирдлагууд л хариуцлага хүлээж байна. Гэтэл шийдвэрийг ТУЗ гаргасан, нөгөө талдаа Засгийн газраас ТУЗ-ийг давсан шийдвэрүүд ч гардаг. Хөгжлийн банкны асуудал бол ТУЗ-ийн оролцоогүйгээр Засгийн газар шууд шийдвэр гаргаад, банк түүнийг хэрэгжүүлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хэн нь шийдвэр гаргасан, хэн нь хэрэгжүүлсэн бэ гэдэг хариуцлагын зааг тодорхойгүй байсан. Энэ бол системийн гажиг. Тиймээс бид ТУЗ хуулийн дагуу ажилладаг, бодит хариуцлага хүлээдэг зарчмыг бариулах ёстой. Гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар, мэргэжлийн хүнийг тавьдаг системд шилжих ёстой. Ингэж байж улс төрөөс ангид байж чадна, ингэж байж авлига, хээл хахуулиас ангид байж чадна. -Тэгвэл ТӨК-үүдийг улс төрөөс яаж салгах ёстой гэж та харж байна вэ?
-Нэгдүгээрт, ТУЗ-ийг мэргэжлийн, хараат бус байдлаар сонгон шалгаруулдаг байх ёстой. Хоёрдугаарт, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтаар томилдог системд орох ёстой. Гуравдугаарт, төрийн өмчит компаниудыг тусгай хуулиар “онцгой” байлгахын оронд Компанийн тухай хуулиар бусад хувийн хэвшилтэй адил нөхцөлд өрсөлдүүлмээр байна. Ингэж байж зах зээлийн зарчим үйлчилнэ. Мэдээж стратегийн ач холбогдолтой ТӨК-иуд бий. Тухайлбал, эрчим хүч, төмөр зам шиг салбарт бүрэн утгаараа хувийн хэвшил орж ирэх боломж хязгаарлагдмал. Тиймээс ТӨК-иудыг ангилах ёстой. Стратегийн, нийгмийн чиг үүрэгтэй, зах зээлийн өрсөлдөөнд бүрэн орж болох гэсэн ангилал зайлшгүй хэрэгтэй. Жишээ нь, "Таван толгой түлш" компанийн хувьд төрөөс татаас өгч, үнийг барьж байгаа учраас хувийн хэвшил өрсөлдөх боломжгүй байна. Харин бид стандарт тогтоогоод, түлшний зах зээлийг нээлттэй болгочихвол хувийн хэвшил орж ирэх бүрэн боломжтой.
-Өөрөөр хэлбэл шийдэл байна, харин хэрэгжүүлэхгүй байна гэж үү?
-Яг тийм. Шийдэл байна, гарц байна. Гагцхүү хэрэгжүүлэхгүй байна. Хариуцлага алдсан албан тушаалтнууд нэг ТӨК-иа халагдаад л дараагийн ТӨК-д, эсвэл төрийн албанд шууд томилогдож байна. Энэ бол хариуцлагагүйн зуд. Хэрвээ хариуцлага тооцсон бол тухайн хүнийг тодорхой хугацаанд төрийн өмчит компани, төрийн албанд дахин томилогдох эрхийг нь хязгаарлах ёстой. Үгүй бол нэг ТӨК-ийг дампууруулаад дараагийнх руу очдог байдал тасрахгүй.
-Одоогийн эрх зүйн орчинд ийм хязгаарлалт бий юу?
-Байхгүй. Учир нь төрийн өмчит компанид ажиллагсад төрийн албаны тухай хуульд хамаардаггүй. Төрийн албаны шалгалт өгдөггүй мөртлөө өндөр цалин, урамшуулал, гадаад томилолт авдаг тусдаа статустай юм шиг явж байна. Иймээс төрийн албанд шалгалт өгөхийг хүсэхгүй, эсвэл тэнцэхгүй хүмүүс ТӨК руу зүтгэдэг байдал бий болсон. Өнөөдөр ТӨК-ийн удирдлагууд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гаргасан тогтоол шийдвэрийг ч тоохгүй болтлоо хөрөнгөжиж, авлигажиж, хүнд сурталд автсан нь бодит үнэн. Ний нуугүй хэлэхэд, төрийн өмч өнөөдөр хариуцлагагүй, авлигажсан, хяналтгүй цөөн хүний гарт байна. Энэ бол маш аюултай нөхцөл байдал. -Тэгэхээр УИХ-ын гишүүний хувьд та энэ асуудлыг яаж шийдэх ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Бид Нийтийн өмчийн тухай хууль, төрийн өмчийн компанитай холбоотой эрх зүйн орчныг өөрчлөхөөр ажиллаж байна. Гол зорилго нь ТӨК-ийг улс төрөөс ангид болгох, мэргэжлийн, хараат бус удирдлагын тогтолцоонд шилжүүлэх, бүх мэдээллийг ил тод болгох. Төрийн өмчит компанийн удирдлагуудын цалин, урамшуулал, зардал бүгд олон нийтэд нээлттэй байх ёстой. "Шилэн данс"-ыг 100 хувь хэрэгжүүлдэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчилгүй мөрддөг тогтолцоонд заавал орох ёстой.
-Албан тушаалтан хариуцлага алдвал ямар зарчмаар шийдэх ёстой вэ?
-Алдаа гаргасан бол шууд чөлөөлдөг байх ёстой. Учир нь төрийн өмчит компанийн удирдлагууд төрийн албаны тухай хуулиар хамгаалагддаг хүмүүс биш. Өнөөдөр чөлөөлбөл шууд чөлөөлөх боломжтой статустай хүмүүс. Тиймээс "санууллаа, дахиж битгий давт" гэдэг хэлбэр байж болохгүй. Алдаа гаргасан бол дараагийн хүнийг шууд томилдог, хариуцлага тодорхой байдаг зарчим руу орох ёстой. Мөн нээлттэй үндсэн зарчимд орох хэрэгтэй. Сонгон шалгаруулалт нэрээр төрөөс хүмүүс томилогдсоор байвал өнөөдрийн тогтолцоо хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэнд хэн ч очоод бодит шинэчлэл хийх боломжгүй. Хоёрдугаарт, төрийн өмчит компаниудын дотоод ангиллыг маш тодорхой хийх шаардлагатай. Аль нь нийгмийн чиг үүрэгтэй вэ, аль нь стратегийн ач холбогдолтой вэ, аль нь хувийн хэвшилтэй давхацсан үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг ялгаж салгах ёстой.
-Төрийн өмчит компаниудыг хувьчлах л ёстой гэж ярьдаг шүү дээ. Хувьчлал ер нь гол шийдэл мөн үү? -Уул уурхайн салбарт хувийн хэвшил өнөөдөр бүрэн ажиллаж байна. Тийм учраас энэ төрлийн компаниудыг төр заавал барих шаардлагагүй, хувьчлах ёстой. Гэхдээ хувьчлал бүх асуудлыг шийднэ гэж үзэж болохгүй. Төрийн өмчөөс гаргачихвал бүх асуудал шийдэгдэнэ, эсвэл олон нийтийн хяналттай хувьцаат компани болгочихвол бүх юм сайжирна гэж ойлгож болохгүй. Жишээ нь, "Эрдэнэс Тавантолгой” компани. Хэрвээ хувьцаатай болсноор асуудал шийдэгддэг байсан бол хамгийн зөв явж байх ёстой компани. Гэтэл өнөөдөр хамгийн их маргаан, асуудал дагуулж байгаа нь энэ компани өөрөө байна. Ашиг орлого хамгийн их олж байгаа атлаа асуудал нь ч хамгийн их. Тиймээс гол нь зөв менежментийн механизм. Үүнийг л Нийтийн өмчийн тухай хуулиар цэгцлэх ёстой гэж харж байна.
-Байгаль орчны сайдаар ажиллаж байсан хүний хувьд СОР олон улсын арга хэмжээг Монгол Улс зохион байгуулах гэж байгааг хэрхэн харж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд, миний хувьд сэтгэл дундуур байна. Монгол Улсад бодитой үлдэх үр дүн ерөөсөө харагдахгүй байгаа. Одоогоор 10 мянган хүн авчрах, хооллох, ундлах, хэдэн хурал цуглаан зохион байгуулаад буцаах дээр л анхаарч байна. Үүнийг ямар ч улс, бүр компани ч хийчихнэ. Энэ бидний гол зорилго биш. Гол асуулт бол Монгол Улсад байгаль орчны чиглэлээр ямар хэмжээний төсөл, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт үлдэх вэ гэдэг асуудал. Бид 2022 онд анх СОР-ыг Монголд зохион байгуулах эрхийг хөөцөлдөхдөө Монгол Улсад дор хаяж 1- 1.5 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт үлдээнэ гэсэн зорилт тавьж байсан. Өнөөдөр Монгол Улсын ойн салбарт нэг их наяд төгрөг, усны нөөцөд нэг их наяд төгрөг, бэлчээрийн нөхөн сэргээлтэд нэг их наяд төгрөг. Ердөө эдгээр гурван чиглэлд гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхэд Монголын байгаль орчны салбар ойрын таван жилдээ сэргэх бүрэн боломжтой.
-Гэтэл одоогоор энэ чиглэлд бодит алхам харагдахгүй байна гэж үү?
-Харамсалтай нь тийм. Байгаль орчны яамнаас энэ чиглэлд бодит үйлдэл харагдахгүй байна. Гадагшаа явж байгаа нь буруу биш, гэхдээ СОР бол гадаад зугаалга биш. Наймдугаар сард арга хэмжээ дуусмагц хяналт шалгалт эхэлнэ. АСЕМ-ын дараа яаж шалгасан, СОР-ын дараа ч яг адилхан парламентын сонсгол, шалгалтууд болно. Үүнийг холбогдох албан тушаалтнууд маш сайн ойлгох хэрэгтэй.
-Эцсийн дүндээ та СОР-ын үр дүнг яаж төсөөлж байна вэ?
Хэрвээ өнөөдрийн байдлаараа явбал Монгол Улсад үлдэх ашиг маш бага байна. Харин бодлогоо зөв чиглүүлбэл "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эдийн засгийн хувьд хамгийн өндөр түвшинд гаргах боломж энэ СОР-д бий. "Тэрбум мод” гэдэг бол зүгээр нэг мод тарих хөдөлгөөн биш. Энэ бол нүүрстөрөгчийн зах зээл, карбон санхүүжилттэй холбогдсон, эдийн засгийн эргэлтийг тэрбум ам.доллараар хэмжих боломжтой асар том потенциал юм. Харамсалтай нь одоогоор энэ боломжийг бүрэн ашиглах чиглэл харагдахгүй байна. Өнөөдөр Монгол Улсын газар нутгийн 76.8 хувь цөлжилтөд өртсөн гэсэн тоо бий. Хэрвээ бид ийм байдалтайгаа үргэлжилбэл энэ үзүүлэлт 87-88 хувьд хүрэхийг үгүйсгэхгүй. Дархадын хотгор цөлжиж эхэлж байна гэдэг бол маш аюултай дохио. Ер нь бол Дархадын хотгор цөлжвөл Монгол Улсын газар нутаг бүхэлдээ цөлжинө гэсэн үг байдаг. Өнөөдөр энэ үйл явц бодитоор эхэлчихсэн байна. Гэтэл юу хийгдэхгүй байна вэ гэхээр цөлжилт, бэлчээрийн чиглэлд хөрөнгө оруулалт хийгдэхгүй, бодлого явахгүй, өмнө нь хэрэгжиж байсан бодлогууд тасалдаж байна.
-Ярилцлагын төгсгөлд танаас нэг зүйлийг тодруулъя. Монгол Улс төвийг сахих үзэл баримтлалаасаа татгалзсан гэх яриа сүүлийн үед гарч байна. Энэ үнэн үү?
-Ямар судалгаа, ямар дата, ямар үндэслэл дээр тэгж дүгнэж байгааг би хувьдаа сайн ойлгохгүй байгаа. Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог. Ийм нөхцөлд бид төвийг сахих ёстой юу, гуравдагч хөршийн бодлогоо яаж барих ёстой вэ гэдэг бол маш хариуцлагатай, гүнзгий асуудал. Монгол Улс өнгөрсөн бүх түүхийнхээ хугацаанд ямар бодлого барьж ирсний хүчинд өнөөдөр тусгаар тогтнолоо хадгалж, Монгол гэдэг үндэстэн эх дэлхий дээр оршин тогтнож байна вэ гэдгийг мартаж болохгүй.
Э.МӨНХТҮВШИН


