Үйл явдал2 мин унших
Монгол Улс дахь төлөөлөгч а.ц.доржиевийг хүлээн авч уулзаж, төрийн дээд шагнал гардуулав

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Гадаад улс дахь өмчийн асуудал хариуцсан Монгол Улс дахь төлөөлөгч А.Ц.Доржиевийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гардуулав.
А.Ц.Доржиев нь 1998 оноос дипломат албанд ажиллаж, ОХУ-ын Гадаад хэргийн яамны төв аппарат болон тус улсын гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газарт албан тушаал хашиж байсан бөгөөд 2007-2011 онд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр, 2011-2014 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газарт Монгол Улсыг хариуцсан ахлах зөвлөх, ерөнхий зөвлөх, 2014-2018 онд ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод Ерөнхий консулаар тус тус ажилласан.
Тэрээр Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Оросын хэсгийг даргалах хугацаанд хоёр улсын хилийн шугамын бүрэн бүтэн байдлын шалгалт, хэмжилт хийх ажлыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, хоёр улсын хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээ, хэлэлцээрийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд амжилттай зохион байгуулж, Монгол Улс, ОХУ хоорондын улсын хилийн халдашгүй тогтвортой байдлыг хангах, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
