#Коммент1 мин унших
З.Мэндсайхан: Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан Ховд аймагт ажиллаж байна. Тойргийн иргэд, сонгогчдод УИХ-аас баталсан хууль тогтоомж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм.
Түүнчлэн өнгөрсөн намрын чуулган 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталсан. Бид намрын чуулганаа дүгнэн цэгнэж, ирэх хаврын чуулгандаа ахиц амжилтаа бататгаж, алдаа, асуудлаа засаж залруулах учиртайг хэллээ. Мөн манай парламентаас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, зөрчсөн, боомилсон хууль, журмын хүлээс чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж эхэлснийг иргэддээ танилцууллаа. Энэ хүрээнд ирэх хаврын чуулганаар хүний эрх, эрх чөлөөг хангуулах олон хуулийн төсөл хэлэлцэгдэх талаар мэдээлэл хүргэлээ.
Ховд аймгийн Мянгад сумын иргэд малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарах, Малчны тухай хуулийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх заалтыг хэрэгжүүлэх, “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Халзан бүрэгтэйн ордын асуудлыг онцгойлон анхаарах, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай зэрэг саналуудыг хэллээ.
З.Мэндсайхан гишүүн иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хэлсэн санал, хүсэлтийг хууль, тогтоолын төсөлд тусган анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

