#Коммент4 мин унших

Эргэх холбоотой ажиллана...

Эргэх холбоотой ажиллана...
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнгийн хувьд нийгэмд шударга бус байдал, ялгавартай хандлага байгааг орон нутагт бизнес эрхэлж байхдаа ихээр мэдэрсэн нэгэн. Үүнийг эсэргүүцэж аймгийнхаа ИТХ-д сонгогдоод багагүй дуугарсан. 
Ийн УИХ буюу хууль тогтоох байгууллага дээр хуулийн цоорхой үүсгэсэн, хоорондоо уялдаа холбоогүй зөрчилтэй хуулиуд батлагдаад байгааг өөрчлөх үүднээс УИХ-д нэр дэвшиж, Зүүн бүсийн иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон. Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлагаанаар төрөлх Дорнод аймгийнхаа 13 сумдад очин иргэдийнхээ санаа бодлыг сонсож ажилласан юм.

Эргэх холбоотой ажиллана - Матад

Парламентын гишүүний хувиар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, санал хүсэлтийг сонсох уулзалт Матад сумаас эхэллээ. Ингэхдээ арав гаруй иргэдийн 30 орчим санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг бичиж тэмдэглэн авч холбогдох байнгын хороо, ажлын хэсэг, хуулийн төслүүдэд тусгуулахад анхаарч эргэх холбоотой ажиллана гэв.

Төсвийн хөрөнгийн зарцуулалтыг хэлэлцэж, хяналт шалгалт оруулах шаардлагатай - Халхгол

Хязгаар нутаг Халхгол сумынхны санаа, бодлыг сонсохоос гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. Мөн сумын дулааны эх үүсвэр, халаалтын доголдол хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг аймаг, сумын удирдлагуудад яаралтай шуурхай арга хэмжээ авах талаар саналаа хэллээ.

Түүнчлэн газрын тосны 19, 21 дүгээр талбайд ажиллаж буй Монгол ажилчидтай уулзлаа. Ингэхдээ хаврын чуулганаар хэлэлцэгдэх Газрын тосны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай болон ажлын тайлангаа товч танилцуулж, ажилчдын орчин нөхцөл, цалин хангамжийн талаарх санал хүсэлтийг нь сонслоо. Газрын тосны салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутаг дахь өгөөжийг нэмэгдүүлэх талаар залуустай нээлттэй ярилцаж, тодруулсан зүйлсэд нь эргэн мэдээлэл өгөхөөр боллоо.

Халхгол сумын дулаан хангамжийн асуудлаар Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёлтой уулзаж, мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг ажиллуулахаар болов. Мөн өнгөрсөн хугацаанд дулаан хангамж, зуух солих ажилд зарцуулсан төсвийн хөрөнгийн тайланг хэлэлцэж, хяналт шалгалт оруулах шаардлагатайг санууллаа.

Татварын хуулийн шинэчлэл, соёл спортынхны цалинг бусад салбартай адилтгахыг хүслээ - Хөлөнбуйр, Булган

Хөлөнбуйр сумынхан төрийн албан хаагчдын боловсон хүчний дутагдал, байр орон сууцны хангамж, татварын хуулийн шинэчлэл, соёл спортын салбарын цалин хангамжийг бусад салбартай адилтгах тухай санал хүсэлтүүдийг уламжилсан бол Булган сумын уулзалтаар боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг иргэд голчлон ярилцлаа.

Эргэх холбоотой ажиллана...

Сумдад багшийн хүрэлцээ дутагдалтай байна - Баянтүмэн, Сэргэлэн

Соёлын салбарын ажилчдын ачаалал, цалин хангамж, цомхотголын асуудлыг сум бүрд хөндөн ярьж байна. Түүнчлэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, төрийн албаны мерит зарчмын талаар сайтар судалж, өөрчлөлт шинэчлэл хийхийг иргэд хүслээ. Үүний сацуу хөдөөгийн сумдад багш нар дутагдалтай байгаа бөгөөд Сэргэлэн сум гэхэд физикийн багшгүй 5-6 жил болж байна гэв. Иймд Боловсролын байнгын хороонд харьяалагдаж ажилладаг УИХ-ын гишүүний хувьд дээрх асуудалд Ш.Бямбасүрэн гишүүн анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Халамж, дэмжлэг гэхээс илүү шударга ёс алдагдсанд иргэд санаа зовж байна - Цагаан-Овоо, Баян-Уул

Цагаан-Овоочууд халамж, дэмжлэг гэхээс илүү шударга ёс алдагдсан байдалд санаа зовж байна. Учир нь хөдөөгийн хөгжлийн суурь асуудал нь залуучууд. Залуу малчдын нийгмийн асуудалд төр бодлогын түвшинд анхаарах болсныг иргэд онцоллоо. Түүнчлэн залуу насныхаа хөдөлмөр зүтгэлийг зориулан ажилласан ч тэтгэвэр тогтоолт буруу, тэтгэврийн хэмжээ бага байгаа нь ахмадуудад маш хүнд тусаж байна. Иймд тэтгэврийн зээлийн хугацаа сунгаад ямар ч нэмэргүй. Харин ахмадуудыг тэтгэврийн нэрийн данстай болгох, НДШ-ийн тогтолцоог бүрэн шинэчлэх шаардлагатайг Баяндун сумынхан уламжиллаа.

Төр иргэнээ хуурч болохгүй - Дашбалбар

Багш, эмч нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар мэдэгдсэн. Гэсэн хэдий ч энэ оны эхний сарын цалин төрийн амласан шиг нэмэгдээгүй, орон нутгийн нэмэгдэл зэргийг хасаж тооцсон, сумын эрүүл мэндийн төвийн орон тоог багасгаж, төсвийг хассан зэрэг олон чухал асуудлыг хөндлөө.

Боловсролын байгууллагуудад засвар, шинэчлэл нэн шаардлагатай - Чулуунхороот, Гурван загал

Сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг байгууллагуудад их засвар хийх, шинэ барилгатай болгох зайлшгүй шаардлагатай байна. Улмаар гишүүний хувиар эл асуудлыг харьяалагдах байнгын хороонд дэвшүүлж ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэт хууль тогтоомж, бодлого, шийдвэрүүд хөрсөн дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг нүдээр үзэж, бодитоор харсан уулзалтууд болж өндөрлөв. Ийн Зүүн бүсээс сонгогдсон гишүүний хувиар Дорнод аймгийн 13 сумын иргэдэд тулгараад буй дээрх асуудлыг нэг бүрчлэн сонсож, иргэдийн санаа бодлыг холбогдох хууль тогтоомжид тусгаж, эргэх холбоотой ажиллахаа УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн илэрхийллээ.    

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

ДорнодХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014