Үйл явдал2 мин унших
Улсын аварга тариаланчийн шагналыг гардууллаа

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Булган сумын 6-р багийн иргэн Моломын Чинбат “Улсын аварга тариаланч”-аар шалгарч, шагналаа гардан авлаа.
Улсын аварга тариаланч М.Чинбат нь төрсөн нутаг болох Бүрэгхангай сумаас газар тариалангийн гараагаа эхлүүлж байсан түүхтэй. Улмаар 2004 онд Булган суманд шилжин ирж, Орхон суманд газар тариалангийн газар эзэмшин, өнөөг хүртэл тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.Тэрээр нийт 100 га эргэлтийн талбай эзэмшдэг бөгөөд жил бүр 30–50 га талбайд буудай, 10–20 га талбайд тэжээлийн ургамлын үрийн зориулалтаар хошуу буудай, арвай тариалж, өндөр ургац хураан авч, малчид болон тариаланчдад нийлүүлдэг байна.

Хөрс хамгаалал, үржил шимийг нэмэгдүүлэх, нэгж талбайгаас гарах бүтээгдэхүүний хэмжээ, чанарыг сайжруулахад онцгой анхаарч, дотоодын “Шимт бор”, “Био ундарга” ХХК-ны органик био бордоог ашиглан тарьсан талбайдаа жилд 2–3 удаа бордож, нийт 100–150 литр бордоо хэрэглэдэг. Мөн энэ жил 10 га талбайд 60 тонн бууцайн бордоо цацан уриншилжээ.
Хураан авсан буудайн ургацаа “Улаанбаатар гурил” ХХК-д, овьёосны үр болон ногоон тэжээлээ нутгийн иргэдэд нийлүүлж, жилдээ 80–110 сая төгрөгийн борлуулалт хийж, 20–30 сая төгрөгийн ашигтай ажиллаж байна. Түүнчлэн 2024 оноос Сэлэнгэ үүлдрийн үхэр өсгөж, газар тариалан, мал аж ахуйг хослуулсан жижиг аж ахуйтай болох зорилт тавин ажиллаж байна.

Газар тариалангийн салбарт бодит хувь нэмэр оруулж, “Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн танай гэр бүлд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ажил үйлс тань арвай, буудай мэт урган дэлгэрч байх болтугай.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

