Үйл явдал2 мин унших

Төр түмнийхээ хүндэтгэлийг хүлээсан Улсын аварга малчны шагналыг гардууллаа

Төр түмнийхээ хүндэтгэлийг хүлээсан Улсын аварга малчны шагналыг гардууллаа

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал Морин жилийн босгон дээр Анхдагчийн өлгий нутаг Булган нутгаас 12 "Улсын аварга малчин" төрж төр түмнийхээ хүндэтгэлийг хүлээлээ.

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн малчин Ц.Мягмаржав гэргий Б.Лэгзмаа нарт "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" цол тэмдгийг гардууллаа.

Энэхүү эрхэм хүндтэй шагналыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан, Дашинчилэн сумын Засаг дарга С.Мэнд-Амар нар гардуулан өглөө.

Улсын аварга малчин Ц.Мягмаржав нь Төв аймгийн Эрдэнэсант сумын “Чандмань эрдэнэ” ХХК-д малчнаар ажиллаж байх хугацаандаа жил бүр 100 эх тутмаас 100.1–100.2 хувийн төл бойжуулан авч, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн 1990, 1992 онд сум, компанийн аварга малчнаар хоёр удаа шалгарч байжээ. Улмаар энэхүү амжилтаа бататган ажилласны үр дүнд 1994 онд “Аймгийн сайн малчин” цолоор шагнагдсан түүхтэй.

Төр түмнийхээ хүндэтгэлийг хүлээсан Улсын аварга малчны шагналыг гардууллаа
Төр түмнийхээ хүндэтгэлийг хүлээсан Улсын аварга малчны шагналыг гардууллаа

Тэрээр 2000 оноос хойш Дашинчилэн сумын Хараат багт суурьшин, 2000–2004 онд тохиолдсон ган, зуд, мөн 2023–2024 оны цагаан зудын хүнд бэрхшээлтэй он жилүүдийг малч хичээнгүй, цуцалтгүй, шаргуу хөдөлмөрийн үр дүнд малын хорогдолгүй даван туулж, 2006 онд “2000-т малчин” болжээ. Эдгээр онцгой амжилтаараа 2023 онд “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр шалгарсан байна.

Ц.Мягмаржав аварга нь өөрийн хадам эцэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хоньчин Д.Бадгайн мал маллах арга ухааныг өвлөн авч, нутгийн шилмэл “Хараат” хонийг Баяд хуцаар сайжруулан, дотор нь шилэн сонголт хийж, “үржлийн цөм сүрэг” бүрдүүлсэн бөгөөд 30 гаруй жилийн турш үүлдэрлэг чанар, ашиг шимийг нь тогтвортой хадгалж ирсэн шилдэг малчин юм.

Төр түмнийхээ хүндэтгэлийг хүлээсан Улсын аварга малчны шагналыг гардууллаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар аавынхаа залгамж халаа болон хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга малчин өрх” хэмээх эрхэм алдрыг хүртэж, ахан дүүс, нутгийн зон олноо баярлуулсан танай гэр бүлд чин сэтгэлийн баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012