Үйл явдал2 мин унших
УЛААНХУС СУМАНД 2026 ОНЫ БАТЛАГДСАН ТӨСВИЙГ ТАНИЛЦУУЛЖ, БОДИТ ДЭМЖЛЭГҮҮДИЙГ ОЛГОЛОО

Баян-Өлгий аймгийн олон хүн амтай, стратегийн түшиц газар болох Улаанхус суманд УИХ-ын гишүүд болон орон нутгийн удирдлагууд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж, иргэд сонгогчидтой нээлттэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Галымбек, С.Еркеш болон сумын удирдлагууд оролцож, иргэдийн асуултад хариулт өгч, төр засгаас баталсан бодлогын шийдвэрүүдийг танилцуулав.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүд энэ онд батлагдсан хөрөнгө оруулалтын танилцууллаа. Төсвийн шинэчлэлийн хүрээнд:
• Эрүүл мэндийн салбарт: 1,301.1 тэрбум төгрөг (Өмнөхөөс 5.5 дахин өсөлт)
• Боловсролын салбарт: 1,041.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт
• Нийгмийн хамгааллын бусад салбарт: Төсвийг 3 дахин нэмэгдүүлж 168.8 тэрбум төгрөгт хүргэв.
Энэхүү төсвийн нэмэгдэл нь хөдөө орон нутгийн төрийн үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргах, хүний хөгжлийг дэмжих төрийн бодлогын гол цөм болохыг онцлов.
Евразийн эдийн засгийн холбоотой (ЕАЭЗХ) байгуулсан хэлэлцээрийн хүрээнд малчдын үйлдвэрлэсэн мах, арьс шир, ноос ноолуур зэрэг 65 төрлийн барааг татваргүй экспортлох түүхэн боломж бүрдэж байна. Энэ нь малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх бодит хөшүүрэг болох юм.
Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг давахад зориулж төрөөс дараах шууд тусламжийг шийдвэрлэн, олгож эхэллээ:
✅ 50 тонн хорголжин хивэг (Засгийн газраас үнэ төлбөргүй) ✅ 9.0 сая төгрөгийн шатахууны эрх (УОК-оос сумын шуурхай албанд)
Уулзалтын үеэр ажил үйлсээрээ манлайлсан зарим иргэдэд Төрийн дээд шагнал, одон медалийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Улаанхусчууд Алтай Таван Богд орчмын аялал жуулчлалын менежмент, авто замын чанар, дэд бүтцийг сайжруулах асуудлаар санал бодлоо идэвхтэй илэрхийллээ. Иргэдээс гарсан санал бүрийг 2026 оны төсвийн хэлэлцүүлэг болон цаашдын бодлого шийдвэрт тусган ажиллахаа УИХ-ын гишүүд илэрхийлэв.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


