Үйл явдал2 мин унших
ЦЭНГЭЛ СУМАНД САР ШИНИЙН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, 2026 ОНЫ ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ БОЛОН БОДИТ ДЭМЖЛЭГИЙГ ОЛГОЛОО

Монгол орны хамгийн баруун хязгаар, Алтай Таван Богдын хормойд орших үзэсгэлэнт Цэнгэл сум бол казах, тува түмэн маань олон зууны турш нэгэн голын уснаас ундаалж, нэгэн зорилгын дор эвлэлдэн амьдарч ирсэн нутаг билээ. Сар шинийн босгон дээр тус суманд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Х.Жангабыл болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумын удирдлагууд оролцлож, иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүд тува түмнийхээ өвөрмөц хэл соёл, ёс заншлыг хайрлан хамгаалж ирсэн ахмад настнуудтайгаа золгож, хүндэтгэл үзүүлэв.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир МУ-ын Засгийн газраас баримталж буй бодлого, ахмадуудад чиглэсэн нийгмийн хамгааллын шинэчлэл болон төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл 2026 оны төсвийн ажлын хэсэгт ажиллаж буй хүрээндээ УИХ-аас баталсан хууль тогтоомж болон ирэх оны төсвийн онцлогуудыг иргэдэд танилцууллаа.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд:
Суурь салбар: Эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргана.
Экспортын гарц: ЕАЭЗХ-той байгуулсан хэлэлцээрийн хүрээнд малчдын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох түүхэн боломж бүрдэж байгааг онцлов.
Хуулийн хэрэгжилт: Иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хууль тогтоомжуудын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх талаар мэдээлэл өглөө.
Цаг агаарын хүндрэлийг хохирол багатай давахад зориулж Засгийн газар болон УОК-оос дараах дэмжлэгийг Цэнгэл сумын удирдлагуудад гардуулан өглөө:
• 50 тонн хорголжин хивэг: Малчдад ямар нэг төлбөргүйгээр, үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэв.
• 9.0 сая төгрөгийн шатахууны эрх: Сумын шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулан хуваарилав.
Уулзалтын төгсгөлд эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө олон жил цуцалтгүй хөдөлмөрлөсөн зүтгэлтнүүддээ Төрийн дээд шагнал, одон медалийг нь гардуулж, хөдөлмөр зүтгэлийг нь алдаршууллаа. Шагнал авсан нийт иргэддээ халуун баяр хүргэе!
Цэнгэл нутгийн маань хөгжил дэвшил, эв нэгдэл мөнхөд бат орших болтугай!
Сэтгүүлч Ц.Соёлмаа


