Үйл явдал2 мин унших
Дэлүүн суманд ажиллалаа

Баян-Өлгий аймгийнхаа хөдөлмөрч ард түмэнтэй Дэлүүн суманд ажиллаж, иргэд, сонгогчидтойгоо цаг үеийн тулгамдсан асуудлууд болон 2026 оны төсвийн шинэчлэлийн талаар хурал, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Ахмаржан болон сумын удирдлагууд оролцов.
Иргэдийн амьдралд хүртээмжтэй бодлогын шийдвэрүүд
Уулзалтын хүрээнд ирэх жилүүдийн хөгжлийн дүр зургийг тодорхойлох дараах гол шийдвэрүүдийг танилцууллаа:
Хүний хөгжлийн төсөв: 2026 оны төсвийн шинэчлэлээр эрүүл мэндийн салбарын санхүүжилт 5.5 дахин, боловсролын салбарынх 2 дахин нэмэгдэж байна.
Татваргүй экспортын гарц: Евразийн эдийн засгийн холбоотой (ЕАЭЗХ) байгуулсан хэлэлцээрээр малчдын үйлдвэрлэсэн мах, арьс шир, ноос ноолуур зэрэг 367 нэр төрлийн барааг татваргүй экспортлох түүхэн боломж бүрдлээ.
Тэтгэврийн хэлэлцээр: Казахстан улстай байгуулсан хэлэлцээрийн дагуу 1998 оноос хойш тус улсад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн хугацааг Монгол Улсад тэтгэвэр тогтооход нэгтгэн тооцохоор болсон нь ахмадуудын нийгмийн баталгааг хангах чухал алхам болов.
Хаваржилтын хүндрэлийг давахад зориулж төр засгаас Дэлүүн сумын иргэдэд дараах дэмжлэгийг үзүүллээ:
Малчин өрхүүдэд: Засгийн газраас шийдвэрлэсэн 50.0 тонн хорголжин хивгийг хүртээмжтэйгээр олгов.
Зам даваа нээх, өвс тэжээл хүргэх ажилд зориулж УОК-оос шийдвэрлэсэн 9.0 сая төгрөгийн шатахууны эрхийг сумын шуурхай албанд хүлээлгэн өгсөн юм.
Үнийн хөнгөлөлт: Гурилын үнэ 120,000 төгрөгөөс 80,000-85,000 төгрөг болж, 30 орчим хувиар буурсан нь айл өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг болж байна.
Сумынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон жил үр бүтээлтэй ажилласан зүтгэлтнүүддээ Төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагнал болон салбарын цол тэмдгүүдийг хүндэтгэлтэйгээр гардуулж, баяр хүргэлээ.
Дэлүүн нутгийн иргэдийн тавьсан санал бүрийг тэмдэглэн авч, салбарын яамдад уламжлан, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийг төсөвт тусган ажиллахаа илэрхийллээ.
Дэлүүн нутгийн минь заяа буян ивээж, айл бүрийн амьдрал аз жаргалаар дүүрэн байх болтугай!
Сэтгүүлч Ц.Соёлмаа


