Үйл явдал2 мин унших
Булган суманд ажиллалаа

Эх орныхоо баруун хязгаар, Баян-Өлгий аймгийн хамгийн алслагдсан Булган сумынхаа иргэд, сонгогчидтойгоо уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон аймаг, сумын удирдлагууд оролцов.
Уулзалтын үеэр УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомж, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг иргэддээ дэлгэрэнгүй танилцууллаа.
Булган сумын иргэдээс ирүүлсэн санал, тулгамдсан асуудлуудыг ирэх жилүүдийн Улсын төсөв болон салбарын бодлогод үе шаттайгаар тусган ажиллахаар боллоо:
* Сумын төвийн засмал зам болон Дэлүүн-Булган чиглэлийн сайжруулсан замын ажлыг ирэх жилүүдийн төсөвт суулгах;
* Сумын ЗДТГ-ын шинэ байр, 1970-аад онд баригдсан хүүхдийн цэцэрлэгийг шинэчлэх, сургуулийн дотуур байрны нөхцөлийг сайжруулах төслүүдийг төлөвлөгөөнд оруулах.
* Зарим багийн айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчинд холбох санхүүжилтийг шийдвэрлэх.
* Ажлын байр нэмэгдүүлэх замаар төв рүү чиглэсэн нүүдлийг сааруулах
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай давахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төр засгаас Булган сумын иргэдэд бодит тусламжуудыг гардууллаа. Үүнд Засгийн газраас шийдвэрлэсэн 46.68 тонн хорголжин хивгийг малчин өрхүүдэд үнэ төлбөргүй олгосон бол, УОК-оос зам даваа нээх, өвс тэжээл тээвэрлэх ажилд зориулж 8.0 сая төгрөгийн шатахууны эрхийг шийдвэрлэн хүлээлгэн өгсөн юм.
Мөн сумынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэддээ Төрийн дээд одон медаль, салбарын шагналуудыг гардууллаа.
Булган нутгийн заяа ивээж, мал сүрэг нь өсөн, зон олон минь элбэг дүүрэн, энх мэндийн ерөөл дор аж төрөх болтугай!
Сэтгүүлч Ц.Соёлмаа


