#Коммент2 мин унших
Ж.Хунан: Томчууд зөв үлгэрлэж, хүний өөрийн гэлгүй хүүхдэд анхаарал хандуулдаг байх ёстой!

Саяхан нэр бүхий сургуулийн сурагчид бие биенийгээ хэрхэн зодож, танхайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Гэхдээ хэн нэгэн бусдыг дээрэлхэх үед бусад нь дэмждэггүй, хүлээн зөвшөөрдөггүй байх хэрэгтэй.
Үүнд сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш, сэтгэлзүйчийн хамтын ажиллагаа туйлын чухал байна. Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдлыг сургуулийн болон бусад орчинд хамгаалах тал дээр 30 гаруй хууль дүрэм журам гарсан байдаг. Эдгээрийг нэгдмэл загвартай болгож хэрэгжүүлэхгүй бол нэлээн ноцтой нөхцөл байдалд орсон нь харагдаж байна.Тиймээс Боловсролын яамнаас "Аюулгүй сүлжээ" гэсэн иж бүрэн үндэсний загварыг боловсруулж талуудтай ярилцаж байгаагаа илэрхийлсэн.
Мөн ХЭҮК-оос цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод заналхийлж байгаа асуудлаар мэдээлж байна. ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хэлэхдээ, "Боловсролын салбарт хүүхэд хамгааллын тогтолцоо дутагдаж байгааг харж болно. Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын үнэлгээ гаргах чиг үүрэг бүтэц сургууль болгон дээр байдаг ч үр дүнтэй ажиллахгүй байна.
2021 онд Хүүхэд хамгааллын хамтарсан баг хүүхэд хамгааллын цэг хангалтгүй байгаа үр дүнг танилцуулсан. Тухайн үед үүнийг сайжруулах зөвлөмжийг өгч байсан. Саяын болсон тохиолдолд Хүүхэд хамгааллын хамтарсан баг уг нь ажиллах ёстой. Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Эдгээр үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүд хуулийн хариуцлага хүлээхгүй, мултарч байгаа асуудалд 14 нас хүрсэн л бол эрүүгийн хариуцлага хүлээдэг зохицуулалттай.
Үе тэнгийн дээрэлхэлт газар авч байгаа энэ үед Хүүхэд хамгааллын тогтолцоог л сайжруулах ёстой. Хүүхэд хамгааллын хүртээмжтэй байлгах санхүүжилт, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлууд бий. Хариу арга хэмжээг чанаржуулж, үр дүнтэй ажилладаг болсноор "үнэхээр хамгаалдаг юм байна" гэсэн итгэл хүүхдэд төрж, тулгамдаж буй асуудлаа мэдээлдэг болно.
Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэх ёстой байгууллагууд нь үүнд ач холбогдол өгмөөр байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд бүгдийг нь нарийн заагаад өгчихсөн. Хүүхэд гомдол мэдээлэл гаргаад бага дээр нь араг хэмжээ авах, хүүхэдтэй тулж үргэлжилсэн хугацаанд ажиллах. Анги хамт олон, гэр бүлтэй нь ажиллах ёстой. Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч. Томчуудаас хүүхдүүд үлгэрлэж, суралцдаг.
Бид янз бүрийн хараалын, бүдүүлэг үгсийг өдөр тутамдаа хэлээд байвал яг үүнийг л суралцана. Томчууд бие биенээ буллиддэг, доромжилдог байдлыг л хүүхдүүд дуурайж байгаа учраас зөв үлгэрлэл үзүүлэх хэрэгтэй. Тиймээс хүний өөрийн гэлгүй хүүхдэд анхаарал хандуулдаг байх ёстой” гэв.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

