#Коммент2 мин унших
Л.Энхнасан: Гишүүдийн үүрэг бол иргэдийн амьдралд хэрэгтэй бодлого, шийдвэрүүдийг урагшлуулах юм

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ.Энэ удаагийн хаврын чуулган улс төрийн үйл явдлаар нэлээд өрнөлтэй байх нь тодорхой байна. Гэхдээ гишүүдийн хамгийн чухал үүрэг бол улс төрөөс илүүтэй иргэдийн амьдралд хэрэгтэй бодлого, шийдвэрүүдийг урагшлуулах явдал юм.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан 2026 оны хаврын чуулганы хугацаанд дараах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:
• Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах:
Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын нэр бүхий 70 гаруй гишүүд өнгөрсөн намрын чуулганаар өргөн барьсан.
Хуулийн төслийн гол зорилго нь иргэдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүх төрлийн тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэж байгаа төрөл бүрийн электрон тамхийг янжуур тамхитай ижил зохицуулалттай болгож, ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байгаа.
Манай улсад Тамхины хяналтын хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд 2005 оноос шинэчлэгдэж, нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Гэвч Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр хуулийн хэрэгжилт хангалтгүй, хяналт сул, хууль бус худалдаа ихэссэн, хяналтын байгууллагуудын уялдаа холбоо муу байгаагаас өсвөр үе, залуучуудын дунд тамхины хэрэглээ өсөж, эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсад тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4,300 хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас барж байгаа ба тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувийг эзэлж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) 2021 онд гаргасан “Электрон тамхи ба эрүүл мэнд” тайланд “электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгааг анхаарах шаардлагатай” хэмээн дурджээ. Иймд төрөөс тамхидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүссэн.
Үүнээс гадна дараах чиглэлээр нийт 14 ажлын хэсэгт орж ажиллана.
• Хөгжлийн бодлого, төлөвлөлт, дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн хэрэгжилт
• Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцоог хангах бодлого
• Эрүүл мэндийн салбарын бодлогын асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах.

Мөн энэ жилийг Хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарласантай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн зохицуулалт, замын орчин, хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Үүнтэй холбоотой судалгаа, уулзалт, хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулж байна.
Удахгүй энэ ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


