#Коммент2 мин унших

Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг

Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг
УИХ-ыг чуулганы хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа Ардчилсан намын бүлэг, Үндэсний эвсэлээс албан ёсоор илэрхийлээд буй. Харин нийгмийн сүлжээнд "дэмжиж буй" олон нийтийн сэтгэгдэл давамгайлаад байгаа юм.

Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг дараах байдлаар тусгажээ.

  • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ

  • Өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна

  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гишүүнийг эгүүлэн татах үндэслэл гэж тусгасан

  • Парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол эгүүлэх татах үндэслэл болно гэжээ.

Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг

Ингэснээр Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалаа хамгаалах, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтооно хэмээн тодотгосон байна.

Гэвч "Ёс зүй" гэх тодорхой бус ойлголтод тулгуурлах нь парламентын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах, улмаар улс төрийн дарамт, нөлөөллийн хэрэгсэл болж болзошгүй, эрсдэлтэй гэж үзэж буй эсрэг байр суурь ч бий.

Харин хууль талаасаа авч үзвэл УИХ-ын тухай хуулийн 36-р зүйлд УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй холбоотой эрх зүйн асуудлыг зөвхөн гишүүд санаачилна гэж заасан байдаг.

ХҮН намын зүгээс Хуулийн төслийг нарийвчлан судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Г.Уянгахишиг хуульч гишүүн ахлан ажиллаж байна.

Тэрбээр, Үндсэн хуулийн дагуу УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг нь бие даасан, хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой Үндсэн хуулийн субьектууд. Тиймээс тэдний бүрэн эрхийг хязгаарлах, улс төрийн нөлөөлөлд оруулах аливаа зохицуулалт маш болгоомжтой байх ёстой.

Одоогийн хүчин төгөлдөр зохицуулалтаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хоёрхон үндэслэл бий.

Нэгдүгээрт, Үндсэн хууль зөрчсөн тохиолдол. Хоёрдугаарт, гэмт хэрэгт холбогдож, шүүхийн эцсийн шийдвэр гарсан тохиолдол. Харин үүн дээр нэмэлт нөхцөл оруулж ирэх нь парламентын бие даасан байдал, дархлаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. 

Тиймээс одоо яригдаж байгаа өөрчлөлтүүдийг УИХ-ын тухай хуульд оруулахдаа Үндсэн хуультай зөрчилдөхгүй байх нь маш чухал. Ялангуяа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр энэ асуудлыг нэлээн нарийн авч үзэх шаардлагатай гэв.

Улс төрийн нөхцөл байдлын улмаас Ерөнхийлөгч хуулиа буцаан татах уу, чуулгын хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үү гээд уг хуулийн төслийн хувь заяа яг одоогийн байдлаар тодорхойгүй хэвээр байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009