#Коммент2 мин унших
Д.Цогтбаатар: Эрүү шүүлт бол эрүүгийн гэмт хэрэг гэдгийг иргэдэд анхааруулж, сануулах нь чухал!

Манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд нэгдсэн орж, улмаар урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бий болгосон.
Энэ хүрээнд өнгөрсөн онд улсын хэмжээнд 55.335 хүнд сургалт явуулж, хүний эрхийн нарийн мэргэшлийн сургагч багш 1100-г бэлтгэжээ. Түүнчлэн эрх чөлөөгөө хязгаарлуулсан 2082 иргэнээс асуумж авч, 65 газарт хяналт шинжилгээ хийж, 469 хүнтэй ганцаарчилан уулзаж, хууль зүйн зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон хууль сахиулах байгууллагын алба хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газрын ажилтан, төрийн албан хаагчдын төлөөлөл 425 хүнээс асуумж авч, эрүү шүүлт тулгах, зүй бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаарх 61 гомдол мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн талаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланд тусгажээ.
Энэхүү тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах зохицуулалттай юм.

Цаашид манай улсад тулгамдаж буй асуудал буюу төрийн үйл ажиллагаа, хандлагаас үүдэлтэй зүй бус харилцаа, үйлдлээс улбаалан хүний эрх зөрчигдөх явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах шаардлагатай.
Үүнийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХЭҮК-ын “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд захисан. Ялангуяа эрүү шүүлт бол эрүүгийн гэмт хэрэг гэдгийг анхааруулж, сануулах нь чухал гэдгийг онцолсон юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




