Үйл явдал8 мин унших
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Одоохон...
Үйл явдал8 мин унших


“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын холбогдох шийдвэр болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлжээ.
Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулиар “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэснийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага санаачлах, зохион байгуулах, оролцох эрхтэй байхаар өргөжүүлж байгаа юм байна.
Хүчин төгөлдөр хуульд жагсаал, цуглаан зохион байгуулах, санаачлах асуудал нь тодорхой хүрээ хязгаартай, тухайлбал улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар гэж тусгайлан заасныг өөрчилж, ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Жагсаал, цуглааны төрөл, хэлбэр болох аяндаа бий болсон, зэрэгцсэн, эсрэг жагсаал, цуглааныг хүлээн зөвшөөрөх тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалахтай холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тодруулбал, мэдэгдэл хүлээн авах этгээд нь цагдаагийн байгууллага байх бол албадан тараах эрх бүхий этгээдээр цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэр гаргадаг болгох нь зүйтэй хэмээн үзсэн гэв.
Хориглолт, хязгаарлалтыг тодорхой болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Нийтийн хэв журмыг хангах, үндэсний аюулгүй байдал, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах шаардлагаар зөвхөн хуулиар хориглолт, хязгаарлалтыг тавихыг зөвшөөрөх юм байна. Жагсаал, цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан захиргааны акт баталж, мөрдүүлэхийг хориглохоор төсөлд тусгажээ.
Зөвхөн хуульд заасан үндэслэлээр албадан тараах, ингэхдээ тус ажиллагааг баримтжуулах, урьдчилан сануулах, оролцогчдын хувийн байдалд тохирсон арга хэмжээ авах, аль болох хамгийн бага хүч хэрэглэх аргыг сонгох, тус ажиллагааг хэрэгжүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгдөг байх харилцааг хуульчлах нь зүйтэй хэмээн үзснийг илтгэлдээ дурдсан.
Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зарим зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Тухайлбал, онц байдал, дайны байдал зарласан, гамшиг осол тохиолдсон хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох, энэ хууль болон бусад хуулиар хориглох тодорхой байршлууд, зохион байгуулагч болон оролцогчийн үүрэг, мэдэгдэл хүргүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль үйлчлэх, мөн хууль бус жагсаал цуглаан, албадан тараах үндэслэл зэргийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Мөн шөнийн цагаар жагсаал, цуглаах хийхийг хориглох агуулгыг нэмсэн байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад заасан иргэдийн тайван хуран цуглах эрх бүрэн хангагдаж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр энэхүү эрхийг хязгаарлах зохицуулалт баталгаажих юм байна. Мөн жагсаал, цуглааны хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдэх аж. Жагсаал, цуглааны хориглолт, хязгаарлалтын хүрээ хязгаар тодорхой болохын зэрэгцээ хуульд зааснаас бусдаар, захиргааны хэм хэмжээний актаар хязгаарлах боломжгүй болно хэмээн сайд танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.5 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан хууль зүйн дүгнэлтийг хуралдаанд танилцуулсны дараа Байнгын хорооны гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, О.Алтангэрэл сайд болон ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, төслөөр нэрийг нь өөрчилж байгаа нь оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад төсөл дэх зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлсэн. Жагсаал, цуглааныг албадан тараах эрхийг Засаг даргын Тамгын газрын даргад шилжүүлж байгаа шалтгааны талаарх Х.Баасанжаргал гишүүний асуултад “Одоо мөрдөгдөж буй хуулиар Засаг дарга жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэрийг гаргах зохицуулалттай. Гэхдээ Засаг дарга нь эрх баригч улс төрийн хүчнээс томилогдсон улс төрийн албан тушаалтан байдаг. Тамгын газрын дарга нь тухайн шатны үйл ажиллагааг хамгийн сайн мэдэх, улс төрийн албан тушаалтантай ойр байдаг, төрийн жинхэнэ албан тушаалтан юм.

Жагсаал, цуглааны бүртгэлтэй холбоотой төсөл дэх зохицуулалтын талаар Ц.Сандаг-Очир гишүүн лавласан. Мөн мэдэгдэл өгсөн этгээд нь тухай жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж ойлгож болох эсэх түүний асуултад “Төслийн 8 дугаар зүйлд жагсаал, цуглаан зохион байгуулах, мэдэгдэх үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан. Аливаа жагсаал, цуглааныг зохион байгуулахдаа 48 цагаас доошгүй хугацааны өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр, эсхүл цахимаар жагсаал, цуглааны зорилго; эхлэх, дуусах хугацаа; оролцогчдын тоо; хэрэглэх эд зүйл; цуглах, жагсан явах гудамж, чиглэл, байршил; зохион байгуулагчийн нэр, хаяг, харилцах утасны дугаар бүхий мэдэгдлийг хүргүүлнэ. Хариу өгсөн эсэхээс үл шалтгаалан жагсаал, цуглаанаа хийх эрхтэй болж байгаа юм. Жагсаал, цуглааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн этгээдийг зохион байгуулагч гэж тооцно хэмээн төсөлд тусгасан” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуллаа.
Түүнчлэн цагдаагийн үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээл, тодорхойгүй байдлыг шийдвэрлэх зохицуулалтуудыг төсөлд тусгаснаа тэрбээр тайлбарласан. Аливаа жагсаал, цуглаан нь явцдаа өөрчлөгдөөд дайныг сурталчлах, салан тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах; үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох тохиолдолд албадан тараах нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Ийм тохиолдолд тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга албадан тараах саналаа нийслэлийн нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, сумын нутаг дэвсгэр бол сумын Засаг даргын Тамгын газарт, хоёр ба түүнээс дээш сумын нутаг дэвсгэр дамнасан тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхэд тухайн Тамгын газрын дарга шийдвэр гаргах юм байна.

“Аяндаа бий болсон жагсаал” гэдэг нэр томьёоны талаарх тодруулгад "Төслийн 4.1.7-д “аяндаа үүссэн жагсаал, цуглаан” гэж хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тодорхой үйл явдалд хариу үзүүлэх зорилгоор тухайн үйл явдал болсон даруй хуран цуглаж үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл ажиллагааг ойлгоно” гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв.

Жагсаал, цуглааны явцад хохирсон иргэн, алба хаагчийн асуудлыг хэрхэн зохицуулах тухай асуусан гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа тохиолдол бүр холбогдох хуулиараа буюу амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, бусдад энэ төрлийн хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх болно гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 12 гишүүний 75 хувь нь дэмжив.