Үйл явдал2 мин унших

Шинээр томилогдсон элчин сайд нарт зориулсан сургалт зохион байгуулав

Шинээр томилогдсон элчин сайд нарт зориулсан сургалт зохион байгуулав

Шинээр томилогдсон Элчин сайд нарыг үүрэгт ажилд нь бэлтгэх хүрээнд тэднийг орон нутгийн хөгжил, бүсчилсэн бодлоготой уялдуулан аймаг, орон нутагт ажиллуулж байна. Энэ нь тухайн бүсийн нийгэм, эдийн засгийн онцлог, үйлдвэрлэл, экспортын боломж, гадаад хамтын ажиллагааны бодит хэрэгцээг газар дээр нь судлуулахад чиглэж байгаа юм.

Элчин сайд нар Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Дархан-Уул, Орхон, Булган аймагт ажиллах хугацаандаа орон нутгийн удирдлагуудтай уулзаж, бүс нутгийн хөгжлийн бодлого, эдийн засгийн бүтэц, гадаад хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн төрийн байгууллагын албан хаагчидтай уулзалт, сургалт зохион байгуулж, гадаад бодлогын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, дипломат ёслол, олон улсын харилцааны орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, харилцан туршлага солилцсон байна.

Үүний зэрэгцээ Элчин сайд нар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд, жижиг, дунд үйлдвэрлэл, мэргэжлийн боловсролын байгууллагууд, нийгмийн үйлчилгээ болон дэд бүтцийн байгууллагууд, үйлдвэрлэлийн томоохон нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн эдийн засгийн тулгуур салбаруудын чадавх, экспортын боломжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаад зах зээлд нэвтрэх гарцыг тэлэх чиглэлээр санал солилцлоо. Ялангуяа уул уурхайн салбарын томоохон үйлдвэрүүдтэй танилцсан нь экспорт, аж үйлдвэрийн бодит нөхцөл, боломжийг илүү гүнзгий ойлгоход чухал ач холбогдолтой байлаа.

Түүнчлэн Элчин сайд нарыг гадаад бодлогын уялдаа, олон улсын эрх зүй, гэрээ хэлэлцээрийн практик хэрэглээ, консулын үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдал, төрийн албаны ёс зүй, хариуцлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулж, мэргэжлийн чадавхыг нь бэхжүүлж байна. Мөн хүрээнд удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр шаардлагатай мэдлэг, мэдээллийг системтэйгээр олгож байгаа юм.

Ийнхүү онол, практик хосолсон бэлтгэл хангуулснаар Монгол Улсын гадаад бодлогын хэрэгжилтийг эдийн засгийн агуулгаар баяжуулж, экспорт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг гадаад хамтын ажиллагаатай уялдуулах зорилтыг бодит ажил хэрэг болгоход Элчин сайд нар чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023