#Коммент3 мин унших
Олны шүүмж дунд байгаа хуулийн өөрчлөлтийн тухай зарим зүйлс…

Монгол Улс тамхины хэрэглээгээрээ Номхон далайн баруун бүс нутагтаа дээгүүрт бичигдэж, жил бүр 4,300 гаруй иргэн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж байна. Энэ бол зөвхөн статистик биш, 4,300 гаруй гэр бүлд тохиолдож буй нөхөж баршгүй гарз юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд "аюулгүй" гэх төөрөгдөл дор “электрон тамхи”-ы хэрэглээ нэмэгдэж, тэр дундаа өсвөр үеийнхний дунд "цар тахал" мэт тархаж байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал болсон гэдгийг нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсгийнхэн үзэж байгаа аж.
Тиймээс ийм л эгзэгтэй цаг үед Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулагджээ.
"Аюулгүй" гэх үгний цаадах бодит үнэн
Шинэ хуулийн төслийн нэг гол цөм нь электрон болон халаадаг тамхийг "тамхин бүтээгдэхүүн" гэх ангилалд албан ёсоор оруулж, хуулийн хяналт тогтоох явдал. Дотоодын бүх дэлгүүрүүд, супермаркетуудад кассны дэргэд чихэр, бохь шиг өнгө алаглуулан өрөөстэй байгаа электрон тамхинууд хүүхэд, залуусын харааг булааж, "гоё үнэртэй, хоргүй" гэх хуурамч маркетингаар тэднийг никотины хамааралд оруулж байгаа нь гашуун үнэн.
Хамгийн сүүлд гаргасан мэргэжлийн байгууллагын нарийвчилсан судалгаагаар манай улсын дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь түгшүүрийн харанга мэт. Тиймээс хууль санаачлагчдын харж буйгаа тус нэмэлт өөрчлөлт нь батлагдсан тохиолдолд тус бүтээгдэхүүний амт, үнэр оруулагчийг хориглож, сурталчилгааг бүрэн хааж, ирээдүй хойч үеэ никитонд донтох эрсдэлээс хамгаалах бодит хамгаалалт болох аж.
Түүнчлэн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тамхийг кассны хажууд ил тавихыг хориглодог. Шинэ хуулийн төслөөр манай улс ч мөн энэ жишиг рүү орно. Тамхийг ил харагдахгүй байршуулж, зөвхөн насанд хүрэгчид тусгай жагсаалтаас сонгож авах зохицуулалт нь тамхи татах сэдлийг бууруулаад зогсохгүй, хүүхэд багачуудад хорт зуршлыг "хэвийн үзэгдэл" мэтээр харагдуулахгүй байх сэтгэл зүйн ач холбогдолтой.
Хуулийн нөгөө тал…
Нөгөө талд энэхүү хуулийн төсөл нь зөвхөн хязгаарлалт, татвар нэмэх тухай асуудал биш юм. Учир нь нийгэмд дахиад л татварын нэмэгдэл эсвэл хэн нэгний лобби мэтээр хардаж байгаа зүйлс бий. Гэтэл энэ нь нэг талдаа тамхинаас гарах хүсэлтэй иргэдийг төрөөс бодлогоор дэмжих тухай юм. Тамхины онцгой албан татварын тодорхой хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж, тамхинаас гарах эмчилгээ, зөвлөгөө, сэтгэл зүйн тусламжийг санхүүжүүлэхээр тусгасан.

Ингэснээр тамхи татдаг хүмүүсийг гадуурхах биш, тэднийг энэ хамаарлаас ангижрахад нь шинжлэх ухааны үндэслэлтэй тусламж үзүүлэх тогтолцоо бүрдэх юм. Мэдээж хамгийн чухал нь тамхины хэрэглээ буурснаар хувь хүний болон өрхийн төсөвт ирэх дарамт багасаад зогсохгүй, улсын төсөвт үзүүлэх ачаалал эрс буурна. Тамхинаас үүдэлтэй өвчлөлийг эмчлэхэд зарцуулдаг асар их зардлыг боловсрол, бүтээн байгуулалтад зарцуулах боломж нээгдэнэ. Мөн бүх тамхийг QR кодоор бүртгэлжүүлэх систем нэвтэрснээр хууль бус худалдаа, татвараас зайлсхийх асуудал цэгцэрч, зах зээл ил тод болох давуу талтай.
Сэтгүүлч Уугантуяа

