Байр суурь2 мин унших
Д.Энхтүвшин: Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр ч Ерөнхий сайд солигдож, 62 их наяд төгрөг зарсан ч үр дүн байхгүй!
УИХ-ын чуулганы /2026.03.31/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр ч Ерөнхий сайд солигдсон. Кабинетын сайд нар ажлуудыг хийжээ. Үр дүн нь үнэхээр хангалтгүй байна. Хоёр жилийн хугацаанд 62 их наяд төгрөг зарсан байна. Хэмжих бололцоотой 13-ыг нь үзхэд 9 нь бүгд ухарсан байна. Өөрөөр хэлбэл 30%-ийн үзүүлэлттэй. “Ам ажил хоёр нь алд дэлэм зөрөөтэй" гэдгийн жишээ энэ. Ерөнхий сайд эсхүл сайд болохдоо сайхан юм ярьдаг. Үр дүнд ерөөсөө суурилдаггүй. Үр дүн чиглээгүй ийм дүр зургууд харагдаж байна.
3 бодлогын жишээгээ авч үзье. Хүний хөгжлийн бодлого дээр дундаж наслалтыг нэг насаар багасгачихсан байна. Нялхсын эндэгдэл мянган төрөлтөд 12,3 байсныг 9 болгон зорилт тавьсан. Зорилт нь дүүрч. Ядаж байгаа тэр түвшинд нь хадгалж болохоор. 62 их наяд төгрөгийг зарсан мөртөө нялхсын эндэгдэл ингээд 13,7 болж нэмэгдчихсэн байна. Хүний хөгжлийн үзүүлэлт үүнийгээ дагаад унаж байна.
Боловсролын хүртээмж, хүлээгдэж буй суралцах жилийн тоо 14,5 байснаас 13,6 болсон байна. Нийслэлийн түгжрэл утаатай холбоотой асуудал нийт төлөвлөсөн ажлынхаа 30%-ийг хийчихсэн мөртөө үр дүн байхгүй.
Түгжрэл оргил ачааллын үед замын хөдөлгөөний дундаж хурд 12 байсныг 16 болно гэж зорьсон. Зорилтот түвшинд хүрч 11 болгож бууруулсан байна. Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ. Эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ гэх эдийн засгийн бодлогын заалт ухарсан байна Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого явуулна гэж байна. Энэ дотор байгаа авлигалын индекс ухарсан байна. Ёс зүйн үзүүлэлт чинь 10 байснаас 35 болгоно гэсэн 5 болсон байна.
Бид улсыг хөгжүүлэх гэж байгаа хүмүүс юм уу, юуны төлөө ажиллаад байдаг юм? Нэг ёсондоо, угсарсан машин чинь урагшаа явдаг биш хойшоо ухарч байна! Цаашдаа үр дүнд суурилсан төлөвлөлт хийж ажилламаар байна!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан



