2 мин унших
Швейцарын Элчин сайд Кристина Мартиг хүлээн авч уулзлаа

Монгол-Швейцарын парламентын бүлгийн даргын хувьд өнөөдөр Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Кристина Мартиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлэг өнгөрсөн онд 10 гишүүнтэйгээр байгуулагдсан талаар танилцууллаа.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн түүхэнд Швейцарын Үндэсний зөвлөлд анх удаа Швейцар-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлэв.
Монгол, Швейцар хоёр улс газарзүйн байршлын хувьд алс оршдог ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгаад баяртай байна.
Швейцар Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түнш бөгөөд нийгэм, эдийн засгийн тулгуур салбаруудын харилцааг өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлнэ. Тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлт гэдгийг онцлов. Мөн, эдийн засгийн бүтцийн зонхилох салбаруудад жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжихэд анхаарч ажиллаж буйгаа хэллээ.

Түүнчлэн сайн туршлагад суурилан уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд арвин нөөц, боломж бий гэдэгтэй талууд санал нэгдэж байв. Ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлснийг тэмдэглээд, эдгээрээс Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл амжилттай үргэлжилж буйг тодотголоо.
Элчин сайд Кристина Марти, УИХ-ын гишүүн П.Батчимэгийг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал дэвшүүлээд, хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэхийн төлөө өөрийн эрх мэдлийн хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны үр дүнг бататгаж, нийгэм, эдийн засгийн олон салбарт уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж бий гэдгийг онцолж байв.

Жендэрийн тэгш байдлыг хангах нь улс орны хөгжлийн хөшүүрэг гэдэгтэй талууд санал нэгдээд, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжихэд олон талт хэлбэрээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Кристина Марти, хоёр улсын парламентын бүлгүүд байгуулагдсан нь хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээгээд цаашид иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба