Үйл явдал3 мин унших
ЭЗБХ: “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2026.04.07) хуралдаанаар Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх талаар хэлэлцсэн юм.
Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах хэрэглэгчид буюу 5 дүүргийн 50,884 цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдийг 110 кВ-ын хүчдэлийн түвшний Өмнөд, Умард, Дорнод-2 болон Туул дэд станцуудаас тэжээдэг боловч эдгээр дэд станцууд нь сүүлийн таван жилийн хугацаанд дэд станцуудын цахилгаан ачаалал 70-100 хувьд хүрч, хүчин чадлын хязгаарт тулаад байгаа нь шинэ хэрэглэгч холбох болон системийн аюулгүй ажиллагааг хангах боломжийг эрс хязгаарлаж байгаа аж.
Сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох 110 кВ-ийн GIS (Gas-Insulated Switchgear) буюу зай талбайд хэмнэлттэй 110 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжтай кабель шугамын оруулга бүхий дэд станцыг Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийнх нь талбайд барьж байгуулах юм байна.
Төслийг хэрэгжүүлэхэд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөвт тусгагдсаны дагуу 17 сая еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Германы Сэргээн босголтын зээлийн банк /KFW/-aac олгох 17 сая еврогийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Эрчим хүчний яамны 2026-2028 онд хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх тус төслийг санхүүжүүлэхээр Германы Сэргээн босголтын зээлийн банкнаас санал болгож буй зээлийн хөрөнгө нь тогтмол 2 хувийн хүүтэй, 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 30 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй бөгөөд хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл нь 0.25 хувьтай тэнцүү болохыг Сангийн сайд танилцууллаа.
Төслийн хүрээнд шинээр 110/10 кВ-ын 2x63 МВА чадалтай хаалттай дэд станц, 110 кВ-ын 4.0 км урттай хос цахилгаан дамжуулах кабель шугам барьж, одоо байгаа 110/35/10 кВ-ын Туул дэд станцыг өргөтгөх ажлыг гүйцэтгэх юм байна. Ингэснээр Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх зэрэг таван дүүргийн 14 хорооны 11,832 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, иргэн болон аж ахуйн нэгжийн хүлээгдэж буй 49.4 МВА чадлын хүсэлт хангагдаж, жилд дунджаар 6,573.4 сая төгрөгтэй тэнцэх цахилгаан эрчим хүчний борлуулалт хийх нөхцөл бүрдэнэ хэмээн тооцсон байна.
Зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Н.Батсүмбэрэл, Р.Очирбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Х.Булгантуяа, Р.Сэддорж нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Зээлийн нөхцөл таатай хэдий ч зөвлөх үйлчилгээ тэргүүтэй дагалдах зардлууд нь хэт өндөр өртөгтэй байгааг анхаарах шаардлагыг хэлж байв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 19 гишүүний 78.9 хувь нь Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

