Онцлох мэдээ2 мин унших
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы /2026.04.16/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Зулпхар байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Хуулийн төсөлд Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв болгон, ил тод ажиллуулах, мөн төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагыг өөрийн үндсэн чиглэлээрээ тендер шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх зохицуулалтыг тусгаад байсан юм. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагад дээд боловсролын байгууллагыг бус судалгааны их сургуулийг хамааруулах тухай өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байсан юм. Гэвч ажлын хэсгээс хууль хоорондын зөрчилтэй болон агуулгын давхцалтай заалтуудыг буюу төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага тендер шалгаруулалтад оролцоход баталгаа шаардахгүй байх, тентерт шалгарч бий болгосон бүтээлийг судалгааны санд байршуулах тухай зохицуулалтуудыг хасах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн дээд боловсролын байгууллага бүрийг бус зөвхөн судалгааны их сургуулийг л эрдэм шинжилгээний байгууллагад хамааруулах тухай заалт шаардлагагүй гэж үзэн хасах санал гаргасан байна.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв. Ингэхдээ ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






