Байр суурь1 мин унших
Б.Жаргалан: Монгол Улсын хөгжил авлигын эсрэг тэмцлээс, авлигын эсрэг тэмцэл нам дотроосоо эхлэх ёстой!
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын асуулгын цаг болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан Ерөнхий сайд Н.Учралд дараах асуултыг тавьж, байр сууриа илэрхийлэв.
Авлигажуулсан тогтолцооны үндэс суурь, хөдөлгөх хүч, амин сүнс нь сүүлийн 36 жилд дийлэнх цаг хугацаанд эрх барьсан МАН өөрөө болчхоод байгааг та хүлээн зөвшөөрөх үү?
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөгөөр төрийн өндөр албан тушаал наймаалцах нууц төлөвлөгөө ил болсон боловч танай нам сонгуульд үнэмлэхүй олонхын ялалт байгуулсан. Энэ цаг хугацаанаас хойш төрийн хулгай хэргийн тоо үнийн дүн тэрбумаар биш их наядаар хэмжигдэх болсон. Авлигын эсрэг тэмцэл чинь нам дотроосоо эхлэх ёстой. Танай нам цэвэршихгүй бол Монгол Улс хөгжихгүй гэдгийг Монголын ард иргэд бүгд харж байна.
Танай, манай гээд байх зүйл огт байхгүй. Сүүлийн 10 жилд Монгол Улсын төсөв үлэмж тэлсэн. Төрийн өмчийн компаниуд даам гарсан. Авлига огцом өссөн. Энэ бүхэнд танай намын л оролцоо байсан. Тэгэхээр та нам дотроо цэвэрлэгээ хийж чадах эсэхийг бид нар харж байгаа. Танай гэж хэлсээр байгаад улс төрийн хэлмэгдүүлэлтийг сүүлийн 10 гаруй жилийн турш явуулж байгааг хүлээн зөвшөөрөх үү?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


