#Тойрог2 мин унших
“Хариуцлагатай уул уурхайн төлөө хариуцлагаар нэгдье” уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

Аймаг, орон нутгийн эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбараас гадна уул уурхайн салбар чухал байр суурь эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг бүрдүүлж байгаагийн хувьд уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, цаашдын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны шийдлээ тодорхойлох зорилгоор “Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн”-өө зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.

Аймгийн хэмжээнд ашигт малтмалын 388 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 85 нь хайгуулын, 303 нь ашиглалтын зөвшөөрөл байна. Эдгээр нь нийт 386.6 мянган га талбайг хамарч, аймгийн нийт нутаг дэвсгэрийн 5.2 хувийг эзэлж байгаа юм.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр зөвлөгөөнийг нээж хийсэн илтгэл мэдээлэлдээ: “Манай аймаг ашигт малтмалын баялаг нөөц, газарзүйн байрлалын давуу талдаа тулгуурлан уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжтой. Гэвч энэхүү хөгжлийг зөвхөн олборлолтын хэмжээгээр үнэлэх бус, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахад сум, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах нь үр дүнтэй.

Мөн аймгийн хэмжээнд хууль бус олборлолтын улмаас эзэнгүй орхигдсон 3,600 га талбайд нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай. Цаашид техникийн нөхөн сэргээлтийг 75 хувьд хүргэж, биологийн нөхөн сэргээлтийг техникийн нөхөн сэргээлт хийсэн хэмжээнд ойртуулах зорилт тавин ажиллаж байна.
Байгалийн нөөцийг зохистой ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ирээдүй хойч үедээ унаган байгаль орчныг өвлүүлэн үлдээх, түүнчлэн татварын нэг хувийн хөрөнгө оруулалтаар тэдэнд шаардлагатай орчныг бий болгох нь орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

