#Ажлын хэсэг2 мин унших
Зөрчил үйлдсэн албан тушаалтан, төрийн алба хаагчдыг дахин томилохгүй, “хар жагсаалт” хөтлөх, хариуцлагын тогтолцоог чангатгах нь чухал гэв
Хууль зүйн байнгын хорооны /2026.04.29/-ний өдрийн хуралдаанаар Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсгийг С.Эрдэнэболд ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Д.Ганбат, О.Номинчимэг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрх нь зөрчигдсөн гэх иргэдийн өргөдөл, гомдлыг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүлээн авчээ. Энэ хугацаанд нийтдээ 38 иргэний 21 хавтаст хэрэг, 2386 хуудас материал ирүүлсэнд хууль зүйн шинжилгээ, судалгаа хийсэн байна. Шинжилгээний дүнгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зөрчлүүд нь зөвхөн нэг удаагийн процессын алдаа бус, дахин давтагддаг, тогтмол шинжтэй, институцийн түвшний тогтолцооны доголдолтойг илтгэж байсан. Ялангуяа мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шатанд хүний эрхийн суурь баталгаа буюу хууль зүйн туслалцаа авах, хүний халдашгүй дархан байдал, шударга шүүхээр шүүлгэх зэрэг эрх, үндсэн зарчмууд хангагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэнцвэртэй байх зарчим алдагдсан, яллах чиг баримжаа давамгайлсан шинжтэй байгаа нь асуудлыг зөрчил төдий гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны гажуудал, институцийн хяналт, хариуцлагын механизмын сулрал, процессын баталгааны хэрэгжилтийн доголдолтой холбоотой системийн шинжтэй асуудал гэж Ажлын хэсэг дүгнэжээ.
Түүнчлэн хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгааг хангах, цагдан хорих арга хэмжээний хэрэглээг хязгаарлах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авч, хараат бус хяналтын механизмыг бий болгож, нотлох баримтын хууль ёсны стандарт, шалгуурыг чангатгах, эрүүгийн процессын тогтолцооны цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, хууль зүйн туслалцаа авах эрх, цагдан хорих, нотлох баримтын журам, прокурорын хяналт, шүүхийн хяналтын хэрэгжилтэд чиглэсэн арга хэмжээ авах, хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт бий болгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоог хэсэгчилсэн засвараар бус, бүхэлд нь дахин тэнцвэржүүлэх шинэчлэл хийхийг саналд тусгажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Х.Тэмүжин, П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара нар асууж, байр суурь илэрхийллээ. Хүний эрхийн ойлголт, мэдлэггүйгээсээ шалтгаалан хүний эрхийг зөрчих хандлага байгаа учраас нэгэнт баталсан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэйг онцолсон. Зөрчил үйлдсэн албан тушаалтан, төрийн алба хаагчдыг дахин томилохгүй, “хар жагсаалт” хөтлөх, хариуцлагын тогтолцоог чангатгах нь чухал гэв.

