Үйл явдал1 мин унших
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын талаар ДТГ-ын тэргүүн нарт мэдээлэл өглөө

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын дарга (President-Designate) Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нар хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт зориулан тус бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгч, цахим уулзалт зохион байгуулав.
Уулзалтын үеэр Сайд нар дэлхийн хэмжээнд тулгамдаж буй цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах энэхүү чухал бага хурлын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бэлтгэл ажлын хүрээнд үндэсний болон олон улсын түвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Ирэх 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан олон улсын төлөөлөгчдийн оролцоог дэмжих, хөрөнгө оруулалт, сурталчилгаа, зохион байгуулалтын бусад ажлыг уялдуулан зохицуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ ДТГ-ын тэргүүн нар илэрхийллээ.

Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
