Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: Ерөнхий сайд Оюутолгойн хэлэлцээрийг заавал амжилттай хийгээрэй!
УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал үг хэллээ.
2029 он хүртэл хүртэл эдийн засгийн өсөлтөө 5,8-6,3% хүртлээ барихын тулд макро түвшиндээ ч гэсэн Оюун толгойн хэлэлцээрийг заавал хийх ёстой. Монгол улсад сүүлийн 10 жил зээлийн хүү гэж энэ чуулгад ямар их ярьсан бэ ? Ингээд бууж өгдөггүй, үүнийг фундаментаар анализ хийх ёстой. Үүн дээр зөвхөн Засгын газрын зээл ч юм уу ,том зургаар нь аваад үзэх юм бол Оюутолгойн нийт зээлийн 50%-ийг заавал ярихаас өөр аргагүй болж байгаа. Ерөнхий сайд Оюутолгойн хэлэлцээрийг заавал амжилттай хийгээрэй. Үндсэн ажлын ачааны хүндийг нь Эрдэнэс Монгол тэр дундаа яг 34%-ийг эзэмшиж байгаа Эрдэнэс Оюутолгой хариуцах ёстой. Яг энэ цаг мөчид Эрдэнэс ОТ компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт нээлттэй зарлагдсан байна. Энэ компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад манай залуучууд тус сайт руу нь нэвтрээд оролцоорой гэж уриалмаар байгаа юм. Боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай монгол залуучуудынхаа туршлагыг ашиглах цаг нь өнөөдөр болсон гэж харж байгаа.

Мөн ОТ-н ТУЗ-ийн 3 гишүүнийг дахин томилох ЗГ-ын тэмдэглэл гарсан гэж ойлгож байгаа. Үүн дээр ямар нэгэн улс төрийн томилгоо дахиад битгий хийгээрэй. Ийм хариуцлагатай хэлэлцээр явж байгаа үед мэдлэг туршлагатай хүмүүс нь ажлаа хийх боломжийг нь заавал олгох ёстой. Оюутолгой дээр Рио Тинто гээд үндэстэн дамнасан томоохон корпорацтай бид нар хэлэлцээр хийж байхад яг л тэдний дүрмээр нь тоглох ёстой. Олон улсын томоохон банк, консалтинг компани, хуулийн компанийг авах ёстой. Албан ёсоор ашиг сонирхлын зөрчилгүй гадаадын том банк хуулийн компани авч байж хэдэн тэрбумын долларын үр дагавар яригдах энэ том хэлэлцээр өөрөө амжилттай болдог.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






