Үйл явдал1 мин унших
Ерөнхий сайдын санаачилгаар “Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын цолтнуудад хүндэтгэл үзүүлэх уулзалт” боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын түүхийг бичилцсэн алдар цолтон ахмадуудтайгаа уулзах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2026.05.08/ боллоо.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө залуу нас, мэдлэг чадвараа зориулан зүтгэж ирсэн Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын цолтон ахмадууд бол манай нийгмийн хамгийн үнэт капитал, залуу хойч үеийнхний бахархал билээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тус арга хэмжээнд оролцож, ахмадуудад хандан хэлсэн үгэндээ тэдний нийгмийн баталгааг хангах, алдаршуулах болон хуримтлуулсан туршлагыг нь залуу үед өвлүүлэх чиглэлээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй дараах бодлогуудыг онцлов.
Үүнд:
-2017 болон 2024 оны Ахмад настны тухай хууль тогтоомжийн дагуу алдар цолтон ахмадуудад сар бүр нэмэгдэл олгож, нийгмийн хамгааллын үйлчилгээг бүрэн үзүүлж байна.
-2026 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг батлуулж, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүллээ.
-Салбартаа манлайлагч ахмадуудыг зөвлөхөөр болон хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулж, тэдний мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Цаашид ахмад настнуудын нөхцөл байдалд хийсэн нарийвчилсан судалгаанд үндэслэн нийгмийн баталгааг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанаржуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж, ахмадуудынхаа санал хүсэлтэд суурилсан асуудлуудыг нэн тэргүүнд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам