Байр суурь2 мин унших
М.Бадамсүрэн: Нутгийн иргэдийн саналыг хуульд заавал тусгах ёстой!
ИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн байр сууриа илэрхийллээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийнэ гэдэг бол их том асуудал. Монгол орон эрс тэс уур амьсгалтай далайгаас алслагдмал, Төв Азийн хуурай өндөрлөгт оршдог ийм онцлогтой. Цөлжилт хойшоо Сибирь тал руу явж байгаа. Манай Алтановоо,Ганга нуурыг хашаалсан. Өвөрмонголд уул овоогоо хашаалдаг юм байна гэж бодсон. Энэ маш том асуудал . Ялангуяа говь талын бүсэд ажиллаж амьдарч байгаа иргэдэд том эрсдэл байгаа. Энэ үнэлгээтэй холбоотой зүйл дээр бид онцгой анхаарал хандуулах учиртай. Орон нутгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хэвтээ элемент, ардчилсан тогтолцоонд оруулж ирсэн их том өөрчлөлт шинэчлэлтэй гэж хувьдаа үздэг. Нөгөө талаасаа Монгол Улсын хувьд босоо удирдлагатай ажилладаг. Тэгэхээр аль нэг талд нь эрх мэдлийн тэнцвэрийг хадгалсан ийм тогтолцоо манай өнөөгийн Үндсэн хуульд орсон нь амин сүнс. Засгийн газар бол аль ч нам эрх барьж байгаагаас үл хамаараад төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд байгалийн газрын хэвлийн баялгийг ашиглахыг эрмэлздэг.
Аль ч улс оронд энэ тэнцвэрийг хангадаг нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу орон нутгийн уул уурхайн нөлөөлөлд өртөх иргэд малчид байдаг. Говь нутагт очоод бодсон. Таван толгой, Оюутолгой гэж Монголыг авч явж буй энэ 2 том ордийг авч үлдсэн хүмүүс бол манай тэмээчид. Тийм учраас ард, иргэдийн үгийг сонсож тэнцвэртэй байх нь хамгийн чухал.

Тийм учраас энэ хуульд сайн талууд олон туссан байх гэдэгт найдаж байгаа. Цаашдаа баланс тэнцвэрийг нь хангаж явахгүй бол, хүч түрж уул уурхайг олборлон ашиглана гэвэл ардчилсан Монгол Улсад нийцэхгүй. Тийм учраас нутгийн иргэд нөлөөлөлд өртөх нь хамгийн бага байхаар тооцох, нутгийн иргэдийн олон жил тэнд амьдран суусан эрхийг хүндэтгэж, тэдний саналыг заавал тусгах ёстой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


