Үйл явдал2 мин унших
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Цэнхэр барилга”-ын ажлын явцтай дахин танилцаж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.05.16) Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв буюу 15 жилийн турш гацсан “цэнхэр барилга”-ын ажлын явцтай дахин танилцаж, бүтээн байгуулалтын талбайд ажиллалаа.
Энэ үеэр барилгын ажлын гүйцэтгэл, өмнө өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар гүйцэтгэгч “Боёд констракшн” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнууд болон ИНҮТ-ийн холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Гүйцэтгэгч компанийн инженерүүдийн зүгээс барилгын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэлийг тогтмол хянуулж, шаардагдах ажлын гүйцэтгэлийн тооцоо, холбогдох зардалд 670 сая төгрөгийн санхүүжилтийг урьдчилан хийж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байгаагаа дуулгалаа.
Барилгын ажлын явцтай холбогдуулан ИНҮТ-ийн захирал Э.Энхзориг барилгын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөт графикаас нэг сарын хугацаагаар хоцорч байгааг шүүмжилж, ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Түүнчлэн барилгын дулаалгад ашигласан шилэн хөвөнгийн ашиглалтын хугацаа дуусч, чанарын шаардлага хангахгүй болсон тул дулаан алдагдлын тооцооллыг дахин хийж, шаардлагатай материалыг сольж шинэчлэх хэрэгтэй байгааг танилцууллаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс барилгын ажлын явцтай танилцаад энэ жил хур бороо элбэгтэй байгааг онцлон анхааруулж, барилгын дээврийг яаралтай сольж шинэчлэх, автомашины гарааш болон агуулахын хэсэгт бороо, ус нэвчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
- Мөн гүйцэтгэгч компанид хүн хүчээ нэмэгдүүлэх, ажлын цагийг уртасган 24 цагаар ажиллах, ИНҮТ-ийн удирдлагуудад захиалагчийн хяналтыг тогтмол хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, дотор болон гадна заслын ажлуудын чанар стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллахыг анхаарууллаа.
- Түүнчлэн уг барилгад орчин үеийн шаардлага хангасан лифтийг суурилуулах, барилгын гадна фасад болон шилэн нүүрийг чанар стандарт, орчин үеийн өнгө үзэмжид нийцүүлэн хийх, хуваарьт ажлуудаа эрчимжүүлж, долоо хоногийн дараа ажлын явцаа дахин танилцуулах чиглэл өглөө.
- Мөн сайдын зүгээс төсөв нэмэх, ажил хоцроох асуудлыг дахин сонсохгүй гэдгээ илэрхийлж, шаардлагатай санхүүжилтийг урьдчилан олгохгүй, ажлаа чанартай, хариуцлагатай бүрэн хийж гүйцэтгэсний дараа санхүүжилтээ авах зарчмыг баримтлан ажиллахыг анхаарууллаа.
- Сайд Б.Дэлгэрсайхан “Монголын барилгын салбарт ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж чаддаг, хүн хүчний боломжтой, туршлагатай компаниуд олон бий. Чадах бол оногдсон ажлаа хариуцлагатай хий, чадахгүй бол бусдад боломж олго. Ачаа тээвэр, тоног төхөөрөмж ирээгүй, төрийн байгууллагаас шалтгаалан зарим ажил хүлээгдэж байна гэсэн шалтаг шалтгаан дахин сонсохгүй” гэсэн хатуу байр суурийг илэрхийллээ. See less
Сэтгүүлч Ц.Соёлмаа

