Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: Үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын байнгын хороотой болъё
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын байнгын хорооны тоог тогтвортой байлгах нь зүйтэй. Эрхлэх асуудлын хүрээг авч үзвэл 11 Байнгын хороо хамгийн тохиромжтой. Олзуурхууштай нэг зүйл нь анх удаа шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын асуудал нэг байнгын хороо дээр орж ирсэн. Маш зөв. Инновац нь цахим бодлого дотроо байна гэдэг байр суурь буруу байна.
ХХААХҮ-ийн бодлогын хороо байгуулчихаад Үйлдвэржилтийн бодлогын хорооны зарим асуудлыг Эдийн засгийн байнгын хороонд хамааруулж болохгүй. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, өндөр технологи хөгжүүлэх асуудал үндсэндээ байхгүй байна. Тийм учраас 22.6.8-д ХХААХҮ-ийн бодлогын схем бол Үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын байнгын хороотой л баймаар байгаа юм. Үүний доор үйлдвэрлэлийнхээ асуудлыг төвлөрүүлэн авч явах саналтай байна.
Уг хуулиар гишүүдийнхээ ирц, санал биечлэн өгөх хөшүүрэг бий болгож бүтээмжийг нэмэгдүүлэх өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа. Бүтээмжид нөлөөтэй нэг чухал асуудал бол гишүүний ажлын байр. Ажлын байргүй гишүүд олон байгаа. С.Бямбацогт даргаас асууя. Гишүүн 16м2 өрөөндөө туслахтайгаа хамт суудаг. Тэгэхээр гишүүнийг дангаараа тэр жижигхэн өрөөндөө сууж ажиллах боломжийг бүрдүүлэх талаар Их хурал ямар ажил төлөвлөж байгаа вэ? Байнгын хорооны даргын эзгүйд хэн орлох асуудал нээлттэй хэвээрээ байгаа ч хэн нэг гишүүнээс амин хувиараа гуйх маягтай ажлаа орлуулдаг. Тэгэхээр байнгын хороодыг дэд даргатай байлгаж өгвөл яасан юм бэ? гэдэг санал байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

