Төвийн бүсэд зохион байгуулсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ-2026” үйл ажиллагаанд оролцох үеэрээ /2026.05.21-22/ миний бие Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон салбарын удирдлагуудын хамт тус аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд очиж ажиллалаа.

2024 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус төв Захиргаа нийтлэг үйлчилгээ болон Нийгмийн сэргээн засах үйлчилгээний 2 алба, нийт 27 албан хаагчтай. Төвд ерөнхий эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалч болон туслах хэрэгслийн техникч зэрэг мэргэжлийн баг ажиллаж байна.
Тус төв нь дараах хоёр чиглэлээр цогц тусламж үзүүлж байна.
1. Сэргээн засах үйлчилгээ (Эмчийн үзлэг, төрөлжсөн засал оношилгоо, протез, ортопедийн засвар)
2. Нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээ (Гэр бүлд чиглэсэн нийгмийн ажил, хөмөр эрхлэлт, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх)
Үйлчлүүлэгчдийн тоо жил бүр тогтмол нэмэгдэж байна. 2026 он гарсаар 98 иргэн шинээр бүртгүүлжээ. Нийт үйлчлүүлэгчдийн 70 хувийг хүүхдүүд эзэлж байгаагаас үүний 70 орчим хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд байна.


Насанд хүрэгчдийн хувьд ихэвчлэн гэмтлийн болон харвалтын дараах сэргээн засах эмчилгээнд хамрагддаг. Сүүлийн үед төвийг зорих насанд хүрэгчдийн тоо нэлээд нэмэгдэх хандлагатай байгааг Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Б.Буяндүүрэн онцолж байлаа.
Цогц арга хэмжээний үеэр /2026.05.21-22/ тус төв дээр эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог зохион байгуулж, нийт 228 иргэнд нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй хүргэжээ.
