Үйл явдал1 мин унших
ТББХ: Санал хураалтын дүн, гишүүдийн саналыг ил тод мэдээлэх өөрчлөлтийг хуралдааны Дэгт оруулах хуулийг төслийг дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.05.26/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Төсөл санаачлагч УИХ-ын Д.Энхтүвшин танилцуулга хийв. Тэрбээр, чуулганы хуралдааны чухал ач холбогдолтой хэсэг буюу хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүн, гишүүн бүрийн саналыг тухайн өдрөө товч мэдээлэл хэлбэрээр Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулан санал хураалтын ил тод, нээлттэй байдлыг хангах шаардлагатай гэж үзэж буйгаа тодотгосон.
Тиймээс хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134 дүгээр зүйлд заасан чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх журмыг боловсронгуй болгож, чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан хуралдааны санал хураалтын дүн, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд товч мэдээлэх хэлбэрээр тухайн өдрөө байршуулахаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


