Үйл явдал3 мин унших
Монгол Улс Европын холбоотой тээвэр, ложистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.05.26) Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нартай Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд уулзаж, зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, ХБНГУ, Франц, Итали, Чех зэрэг Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон дипломат төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Баянзул дэд бүтэц, зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон ажлын явцын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү уулзалтад хоёр дахь удаагаа оролцож буйгаа дурдан Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд уг уулзалт арга хэмжээ нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, Элчин сайд нарт мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн тэрээр дэлхийн геополитик, худалдаа, ложистикийн орчин эрчимтэй өөрчлөгдөж буй энэ үед Европ, Азийг холбосон тээврийн шинэ коридор, нийлүүлэлтийн сүлжээний ач холбогдол ч бас өсөн нэмэгдэж байгааг онцолсон юм. Ялангуяа тээвэр, ложистик, ачаа тээврийн салбарт олон сорилт үүсэж, шинэ өөрчлөлт, зохицуулалтуудыг хэрэгжүүлэх шаардлага бий болж байгааг онцоллоо.Сайдын зүгээс Монгол Улсын зам, тээврийн салбарын хувьд аюултай ачаа тээвэр, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, Европын орнуудаас нийлүүлж буй техник, технологийн тээвэрлэлтийг богино хугацаанд, шуурхай зохион байгуулахад онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Мөн Монгол Улс Евразийн төв хэсэгт орших газарзүйн давуу талаа ашиглан бүс нутгийн тогтвортой, найдвартай, тээврийн сүлжээний нэг хэсэг болох “Транзит Монгол” зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцоллоо.Түүнчлэн Монгол Улс олон улсын тээврийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, худалдаа, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр Европын холбооны улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж буйг дурдлаа.
Тухайлбал, Монгол Улс 2022-2026 онд Словак, Польш, Герман, Итали, Болгар зэрэг Европын улс орнуудтай автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, Европын 12 улстай автотээврийн хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлээд байна.Мөн ойрын хугацаанд Гүрж, Румын, Франц, Австри зэрэг улстай холбогдох хэлэлцээрүүдийг эцэслэн байгуулахаар ажиллаж буйгаа танилцууллаа.Агаарын тээврийг либералчлах бодлого хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс нийт 51 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаас Европын 22 улстай хоёр талын хэлэлцээр байгуулсан нь шууд болон захиалгат нислэг үйлдэх боломжийг өргөжүүлж байгааг онцоллоо.
Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан саяхан ХБНГУ-ын Лайпциг хотноо болсон “Олон улсын тээврийн форум”-ын Сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцсон талаараа мэдээлж, дэлхий нийт нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, тээврийн төрөлжилт, дижитал шилжилт, хил дамнасан дэд бүтцийн уялдаа холбоонд онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ.Тэрбээр Европын Холбооны “Global Gateway” санаачилга нь Монгол Улсын тээврийн салбарын цахим шилжилт, тогтвортой хөгжил, бүс нутгийн холболтын бодлоготой олон талаар нийцэж байгааг онцолж, дараах чиглэлүүдэд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Үүнд зам, тээврийн дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт, ногоон тээврийн шилжилт, тээвэр ложистик, нийлүүлэлтийн сүлжээ, иргэний нисэхийн салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлүүд багтаж байгааг онцоллоо.
Мөн Монгол Улс Европын Холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирснийг онцолж, дэд бүтэц, нисэх, төмөр зам, авто зам, ложистикийн төслүүдэд Европын хөрөнгө оруулагчид, хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд нар сонирхсон асуултдаа мөн хариулт авч тодорхой чиглэлүүдэд санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс, Европын Холбооны хоорондын зам, тээврийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тээврийн холболт, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цаашид идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

