Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: Батнайрамдал: Оюу толгойн 34 хувьд оногдох 6 их наяд төгрөгийг бид нар авах эрхтэй юу, Сайд аа!
УИХ-ын чуулганы /2026.01.28/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.
2029 он хүртэл эдийн засаг 5,8-6,3 хувь өснө гэж тооцож байгаа. Өнөөдрийн бидний байж байгаа байдал бол төсвийн алдагдал 1,4 их наяд эхний улирлаар. 2027 оны хөгжлийн төлөвлөгөө дээр 15,3 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ гэж төлөвлөсөн. Тэргүүн шадар сайдын хамгийн их давтагдаж байгаа үг эх үүсвэр байхгүй. Бид нарт шинэ юм хэрэгтэй байна. Би танд нэг шинэ гаргалгаа хэлж өгье. 2026 он буюу энэ онд Оюу толгойн төсөл дэлхийн хамгийн алдартай Морган Стэйнли банкны судалгаагаар 5,2 тэрбум долларын ашигтай ажиллана энэ бол 18 их наяд төгрөгийн зардлаа хасаад ашигтай ажиллана гэсэн ийм тооцоолол 3 сарын өмнө гаргасан. Энэ 18 их наяд төгрөгийн ОТ-н 2026 онд авах ашгийн 34% нь 6 их наяд төгрөг.

Бидний 2027 онд баталж байгаа хөгжлийн төлөвлөгөөний нийт санхүүжилтийн 40 хувьтай дүйцэхүйц хэмжээний мөнгө. Тэргүүн Шадар сайд аа би танаас асуумаар байгаа юм. Дөрвөн удаа сонгогдсон туршлагатай олон зүйлийн ард гарч байсан улс төрч хүн. Хувь улс төрчийн хувьд ОТ-н 34 хувьд оногдох 6 их наяд төгрөгийг бид нар авах эрхтэй юу, авах нь зөв гэж бодож байна уу. Хөгжлийн төлөвлөгөөг Эдийн засаг хөгжлийн яам хийдэг. Энэ 6 их наяд төгрөгөөр яг юу хийж болох вэ?
Сэтгүүлч Ц.Соёлмаа






