Үйл явдал3 мин унших

Ерөнхийлөгч "Улаанбаатар төмөр зам" ХНН-ын удирдлагууд, ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч "Улаанбаатар төмөр зам" ХНН-ын удирдлагууд, ажилтан, албан хаагчидтай уулзлаа

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын түүхт 77 жилийн ой тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус байгууллагын удирдлагууд, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ч.Лодойсамбуу, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай тэргүүтэй зочид төлөөлөгчид болон "УБТЗ" ХНН-ын үе үеийн төлөөлөл, 600 гаруй ажилчид оролцлоо. Ерөнийлөгч "Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч болсон "Хөдөлмөрийн баатар" УБТЗ ХНН-ын ажилтан, албан хаагчид, төмөр замчид та бүхэнд түүхт 77 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Ази, Европыг холбосон олон улсын тээвэр логистикийн сүлжээнд онцгой хувь нэмэр оруулж, Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдасгуур болж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд зүтгэж яваа төмөр замчид та бүхэнтэй Төрийн тэргүүний хувиар уулзаж байгаадаа баяртай байна" хэмээн онцлоод төмөр замын салбар цаашид ч манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүрийн нэг байсаар байж, аюулгүй, улс орнууд, ард түмнүүдийг холбосон стратегийн гүүр болсоор байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Тэрбээр төмөр замчидтай хийж буй уулзалтынхаа үеэр өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Мөн уулзалтад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ нь Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болоод зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал коридор бөгөөд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх стратегийн чухал дэд бүтэц билээ.

Нэг талд нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, нөгөө талд дэлхийн томоохон экспортлогч улсуудыг холбон оршиж байгаагийн хувьд бид газар зүйн байршлын давуу талаа ашиглан ТРАНЗИТ УЛС болон хөгжих боломж бидэнд байна. Энэхүү стратегийн өндөр ач холбогдолтой салбарын хөгжилд ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР онцгой байр суурь эзэлж байгааг онцлох нь зүйтэй болов уу. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол хүний хүч хөдөлмөр, үндэсний инженер техникийн чадавх, дотоодын нөөц боломжид тулгуурлан Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт зэрэг стратегийн төмөр замуудыг ашиглалтад оруулсан нь Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсон билээ.  Үүний үр дүнд Монгол Улсын төмөр замын нийт сүлжээ 1115 км-ээс 2821 км болж, даруй 1.5 дахин өргөжин тэлээд байна. Энэ нь шинэ коридор, шинэ боломж, шинэ хөгжлийн гарцыг нээсэн төрийн бодлогын залгамж чанар, алсын хараатай шийдвэрийн бодит үр дүнг илэрхийлж байна" хэмээлээ.

Монгол Улсын төмөр замын салбар 2025 онд 50 сая орчим тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосон билээ. Энэ нь 2019 оноос өмнөх үеийн үзүүлэлттэй харьцуулахад 76%-ийн өсөлттэй байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол замын шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2050 он гэхэд жилд 90 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдүүлэх зорилт дэвшүүлэн холбогдох судалгааны ажлыг хийж дуусгаад байгаа юм. Төгсгөлд нь "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн хэлсэн үгэндээ "УБТЗ-ын хамт олон сүүлийн 3 жил дараалан ачаа тээврийн шинэ дээд түүхэн амжилтуудыг тогтоож, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрээ өсгөж ирлээ. 2025 онд манай төмөр замчид 33,7 сая тонн ачаа тээвэрлэж шинэ дээд түүхэн амжилт тогтоосон бол 2026 оны эхний 4 сарын байдлаар 11,9 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 739,9 мянган тонноор илүү байна.

Ачаа тээврийн түүхэн дээд амжилтуудыг тогтоосноор УБТЗ-ын орлого жил бүр нэмэгдэж байна. 2024 онд 1,4 их наяд төгрөгийн орлого олсон нь өмнөх оноосоо 6,7 хувиар, 2025 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олсон нь өмнөхоноосоо 13,8 хувиар тус тус өсч түүхэн дээд амжилтууд тогтоолоо.

УБТЗ-ын хамт олон цаашдаа ч төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, улс орныхоо нийгэм, эдийн засагт улам их хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно" гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009