3 мин унших

Азийн хөгжлийн банктай шинэ төслүүдийн хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ

Азийн хөгжлийн банктай шинэ төслүүдийн хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.06.10) Азийн хөгжлийн банкны Төв, Баруун, Зүүн Ази болон Номхон далайн орнуудыг хариуцсан Тээврийн захирал Чен Чен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд зам, тээвэр ложистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа иргэний нисэх, автозам, бүс нутгийн тээврийн коридор, хил дамнасан ложистикийн сүлжээг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд, Азийн хөгжлийн банк 1992 оноос хойш Монголын зам, тээврийн салбарын хамгийн том хөгжлийн түнш байсаар ирснийг онцоллоо. Мөн тэрээр “Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Монгол Улсад авто замын салбарт 60 гаруй төсөл хэрэгжиж, үр дүнд нь 1200 гаруй км хатуу хучилттай автозамын сүлжээ бий болсон” гэдгийг онцлон дурьдлаа.

Түүнчлэн АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй КАРЕК буюу “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны төслүүд Монгол Улсыг Азийн автозамын гол коридоруудтай холбох стратегийн чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Монгол Улсын зам, тээврийн салбарт Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын 3 дугаар үе шатны төсөл” 2024 оноос эхэлсэн бөгөөд одоо Ховд Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км автозамын бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.

Мөн 2028 оноос хойш хэрэгжүүлэх дараагийн шатны төслүүдэд, Азийн хөгжлийн банктай хамтран Улиастай-Алтай чиглэлийн авто замын үлдэгдэл 80 км болох Цагаанчулуут-Алтай хэсгийн авто замын барилгын ажил болон КАРЕК-ын коридорын хэсэг болох Налайх-Багануур чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын дэмжлэг туслалцааг үзүүлэн хамтран ажиллах хүсэлтийг салбарын сайд уламжиллаа.

Зам, тээврийн яамнаас агаарын тээврийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд 4 аймагт  олон улсын нислэгийн түр боомт нээхээр ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан”, Хөвсгөл аймаг дахь “Мөрөн”, Баян-Өлгий аймаг дахь “Өлгий” болон Ховд аймаг дахь “Ховд”-ын нисэх буудалд олон улсын нислэг хүлээн авахтай холбогдуулан нисэх буудлуудыг өргөтгөн шинэчлэх, зурвас сайжруулах зэрэг ажилд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.

Азийн хөгжлийн банкны зүгээс “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа” буюу КАРЕК-ийн Тээврийн салбарын зохицуулах хорооны 23 дахь удаагийн уулзалтыг эх орондоо зохион байгуулж, уг арга хэмжээнд Зам, тээврийн сайд өндөр ач холбогдол өгч оролцсонд талархал илэрхийллээ.  Мөн энэ үеэр КАРЕК-ийн коридоруудыг хөгжүүлэх, Монгол Улс Транс-Каспийн “Дунд коридор”-т нэгдэж, Төв Ази болон Европын холбооны орнууд руу ачаа тээвэрлэлтийн шинэ гарцыг бий болгох боломжуудын тухай хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид Монгол Улсын зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, сайдын зүгээс дэвшүүлсэн автозам, иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх шинэ төслийн саналд хамтран ажиллах  боломжуудыг эрэлхийлэн ажиллахаа мэдэгдэв.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009