Онцлох мэдээ4 мин унших
“Монголын төмөр зам” ТӨХК иргэдэд мэдээлэл өгч ажиллав

Монгол Улсын Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулах, төрийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай хүргэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээнд “Монголын төмөр зам” ТӨХК бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, компанийн үндсэн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар иргэдэд гурав дахь өдрөө мэдээлэл хүргэн ажиллаж байна. Тухайлбал өдөрлөгийн үеэр компанийн зүгээс дараах чиглэлээр мэдээлэл, үйлчилгээ үзүүлж байна.
Үүнд:
Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт:
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явц;
Тээвэрлэлтийн үйл ажиллагаа:
Тавантолгой–Гашуунсухайт болон Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
Хүний нөөц, сургалтын бодлого:
Төмөр замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт, тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, хүний нөөцийн бүрдүүлэлтийн талаарх мэдээлэл;
Иргэдийн эргэх холбоо, үйлчилгээ:
Сул ажлын байрны анкет хүлээн авах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг газар дээр нь хүлээн авч шуурхай шийдвэрлэх;
Мөн өдөрлөгийн үеэр компанийн удирдлагууд болон бүтэц, зохион байгуулалтын нэгжийн холбогдох албан тушаалтнууд иргэдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулан ажиллаж байна.

"БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ" чиглэлийн төмөр зам түгжрэлийг бууруулж, тээврийн шинэ гарцыг нээнэ
Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах зорилгоор чингэлэг тээврийн терминалыг нийслэлээс гаргах зорилт тавьсан. 2025 оны нэгдүгээр сард Засгийн газрын 21 дүгээр тогтоол гарч Багахангай–Хөшигийн хөндийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” компанид даалгасан.
“Монголын төмөр зам" ТӨХК-ийн зорилго бол үндэсний төмөр замын сүлжээг хөгжүүлэх юм. Багахангай–Хөшигтийн хөндий–Эмээлтийн чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн гэхээс илүү нийгмийн ач холбогдолтой төсөл гэж хэлж болно.
Өнөөдөр Улаанбаатар хотын дундуур явж буй төмөр замаас үүдэлтэй түгжрэл өдөрт дунджаар 3-4 цагийн алдагдал үүсгэдэг. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор хот дундуурх ачаа тээвэрлэлт буурч, замын түгжрэл багасна.
Мөн агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх юм. Манай улсын хувьд нийслэлийн төвөөр дамжуулан аюултай, шатамхай ачаа тээвэрлэж байгаа нь эрсдэл дагуулдаг. Жишээлбэл, Эмээлтэд одоогоор 700–900 вагон түлш хадгалагдаж байна! Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор эдгээр ачааг хотын гадна талд шилжүүлэх боломж бүрдэхийн сацуу бөөний худалдаа, ачаа терминалын үйл ажиллагааг Хөшигтийн хөндий рүү төвлөрүүлэх нөхцөл бүрдэж буй.
Төслийн ажлын гүйцэтгэл:
“Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрэгжүүлж буй тус төслийн бүтээн байгуулалт хуваарийн дагуу амжилттай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл дараах шаттай байна.
Нэгдүгээр шат (00-87 км): Газар шорооны ажлын нийт гүйцэтгэл 99.3 хувьд хүрч, доод бүтэц үндсэндээ дууссан бөгөөд замын дээд бүтцийн угсралтын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хоёрдугаар шат (87-102 км): Трассын газар шорооны ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 43 хувьтай үргэлжилж байна.
Дараагийн шат (102 км-ээс Эмээлт хүртэл): Тус чиглэлийн газар шорооны ажлыг эхлүүлэх бэлтгэл бүрэн хангагдсан байна.
Багахангай-Хөшигтийн хөндий-Эмээлт төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж байна
Зам тээврийн яамны Нээлттэй хаалганы өдөрлөгт "Монголын төмөр зам" ТӨХК-наас оролцож, амжилттай хэрэгжүүлж буй "Багахангай-Хөшигтийн хөндий-Эмээлт төслийнхөө талаар олон нийтэд танилцууллаа. Тодруулбал уг төслийн гол замын урт нь 121.1км, дэлгэмэл урт нь167,5 км, дөрвөн өртөө, дөрвөн зөрлөг баригдахаар төлөвлөгджээ.

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төслийн инженер Л.Оюу-Эрдэнэ мэдээлэл өглөө:
Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 21, 86 болон 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар тогтоолын дагуу Багахангай-Хөшигтийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн хувьд Багахангай талаасаа Хөшигтийн хөндий хүртэл 1 дүгээр ээлжний үе шат болох 87,8 км хүртэл газар шорооны ажил дууссан.
Дэд бүтцийн хувьд барилга угсралтын ажил нь 45 км угсарчихсан бөгөөд 9 сарын 1-ний өдөр хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 87,8 км-ээс Эмээлтийн холбох зам хүртэл доод бүтцийн ажил төлөвлөгөө, графикийн дагуу хэвийн явагдаж байна. Уг төслийн техникийн үзүүлэлт нь 3 дугаар зэрэглэлийн төмөр зам байгаа. 127,1км гол замын урттай, дэлгэмэл урт нь 167,5 км урттай.
Манай төсөлд нийтдээ 4 өртөө, 4 зөрлөг баригдана. Төсөлд өнөөдрийн байдлаар дотоодын 67 аж ахуйн нэгж, 2548 инженер техникийн ажилчид, мөн 1500 гаруй техник, тоног төхөөрөмж ажиллаж байна.
Уг төслийн доод бүтцийн ажлын хувьд нийтдээ 25,8 сая газар шорооны ажил хийгдэхийн сацуу 121 ширхэг хиймэл байгууламж, гарц хоолой, ус зайлуулах хоолой хийгдэж байна. Мөн нийтдээ 1267,8 метрийн урттай дам нуруут гүүрний ажил хийгдээд, эхний 87 км 5 дам нуруут гүүрийн ажил нь дууссан байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

