#Коммент2 мин унших
Монгол Улс Дэлхийн зах зээлээс ногоон санхүүжилт татах, нэмэгдүүлэх эдийн засгийн цоо шинэ боломж бүрдлээ

Манай улс COP17-ыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулах хүрээнд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1993 онд, конвенцын Парисын хэлэлцээрийг 2016 онд Монгол Улсын Их Хурал соёрхон баталж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын өмнө үүрэг, амлалт хүлээсэн.
Гэвч Монгол Улс нүүрстөрөгчийн өндөр агууламжтай эдийн засгийн бүтэцтэй хэвээр байгаа аж. Үндэсний эрчим хүчний системийн нийлүүлэлтийн 90 орчим хувь нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцаас бүрдэж, мал аж ахуйн салбар нийт хүлэмжийн хийн ялгарлын томоохон эх үүсвэр болж байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах шаардлага бий гэдгийг төсөл санаачлагч тодотгосон.
Хууль батлагдсанаар Монгол Улсад уур амьсгалын эрсдэлээс үүдэлтэй жил тутмын эдийн засгийн алдагдал, нийгэм-эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, улмаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар татах, олон улсын карбон зах зээлд үр ашигтай оролцох эрх зүйн суурь бүрдэнэ!
Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, арга хэмжээг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх, ногоон санхүүжилт, карбон зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан юм.
Хуулийн төсөлд Төсөлд хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт байхгүй!
Хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, төрийн байгууллагын бүрэн эрх, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, шинжилгээ, дасан зохицох болон даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон санхүүжилт, карбон зах зээл, мэдээллийн сан, ил тод байдал, хяналт-шинжилгээ, хариуцлагын зохицуулалт бүхий нийт 9 бүлэг, 32 зүйлтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн засаглалын нэгдсэн тогтолцоог бий болгох зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зарчмыг тусгасан. Мөн Парисын хэлэлцээр болон Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх, түүнийг таван жил тутам шинэчлэх, хэрэгжилтийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах (MRV) тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндсийг тогтоож байгаагаараа онцлогтой юм байна.
Ц.Сандаг-Очир хэлэхдээ, "Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулахын өмнө Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бие даасан хуультай болж байгаа нь үндэсний болон олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх чухал суурь болох онцгой ач холбогдолтой билээ" гэв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан



