Онцлох мэдээ2 мин унших
Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзлаа

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурветай уулзаж, эмэгтэйчүүдийн хөгжил, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа СДМЭХ-ны үйл ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зорилтоо танилцууллаа. Элчин сайд Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын төрийн албан хаагчдыг жил бүр богино болон дунд хугацааны сургалтад хамруулж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг талаар мэдээлэв. Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.
Мөн төрийн бус байгууллагын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн чадавхыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.Уулзалтын үеэр Элчин сайд дараах хоёр чиглэлээр хамтын ажиллагааны санал дэвшүүлэв.Эмэгтэйчүүдийн хоршоолол, бичил бизнесийг дэмжих чиглэлээр Энэтхэгийн туршлагад тулгуурласан хамтарсан туршилтын төсөл хэрэгжүүлэх;
Малчин эмэгтэйчүүдийг нарны болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний чиглэлээр сургах, энэ асуудлыг Монгол Улсын Эрчим хүчний яамаар дамжуулан Энэтхэгийн Засгийн газарт хүргүүлэн хамтран хэрэгжүүлэх боломжийг судлах.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд Энэтхэгийн Элчин сайдын яамны йогийн багшийн оролцоотойгоор хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, соёлын харилцааг өргөжүүлэх талаар ярилцав.
Уулзалтын төгсгөлд талууд эмэгтэйчүүдийн хөгжил, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай санал, санаачилгыг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
