Үйл явдал2 мин унших
“Эгийн голын УСЦ” төслийг Монгол-Оросын эрдэмтэд хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ

Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэг Москва хотноо байрлах Шинжлэх ухааны академийн төв байранд амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтад Монголын талаас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээчид, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч миний бие С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ОХУ-ын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн шинжээчид оролцсон юм.
2024 оны наймдугаар сарын 14-нд Эгийн голын УЦС-ын төслийг гацаанаас гаргах үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байхад минь надад өгч байлаа. Үүнээс 20 хоногийн дараа ОХУ-ын Байгаль нөөц, экологийн сайд А.А.Козловтой Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурж, төслийн хүрээнд байгаль орчинд болзошгүй нөлөөллийг судлах хоёр улсын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийг 2025 оны аравдугаар сарын 10-ны өдөр байгуулж ажлын төлөвлөгөөг батлан, гарын үсэг зурсан билээ.

Энэхүү хэлэлцүүлгээр хоёр орны ШУА-ийн эрдэмтдийн багийн 2 жил хийж гүйцэтгэсэн “ЭГУСЦ төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” судалгааны ажлын голлох үр дүнг хэлэлцэж, эцсийн тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгч судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны 12 дугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдвэрлэлээ.
Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байна.
"Бид өнөөдөр Засгийн газар, төр засагтаа болон хамгийн гол нь ард иргэддээ хэлэх үгтэй, хийсэн ажилтай буцаж байна. Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг улс төрийн маргаан, олон жилийн таамаг төдий ярианаас гаргаж, шинжлэх ухаан, судалгаанд тулгуурлан бодитойгоор шийдвэрлэхийн төлөө бид нэг алхам урагшиллаа.
Энэ бол зөвхөн нэг цахилгаан станцын тухай асуудал биш Монгол, Орос хоёр орны олон жилийн найрсаг харилцаа, итгэлцэл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны бодит илэрхийлэл юм.
Мөн хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтын хүчээр томоохон асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх боломжтойг харуулж буй чухал үйл явдал билээ" хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцлов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




