Үйл явдал1 мин унших
Санхүүгийн салбарын шилдгүүдэд одон, медаль гардууллаа
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан санхүүгийн салбарын нэр бүхий хүмүүст шагналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, орон тооны гишүүн бөгөөд дэд дарга Н.Хүдэрчулуун, Ажлын албаны дарга С.Цогтгэрэл нар гардууллаа.
Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газрын Бүртгэлийн албаны үнэт цаас гаргагч хариуцсан мэргэжилтэн Б.Оюундэлгэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хяналт шинжилгээний албаны арилжааны хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг Алтан гадас одонгоор тус тус шагнагдав.
Мөн эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан Санхүүгийн зохицуулах хороо болон зохицуулалтын салбарын ажилтан, албан хаагчдад салбарын шагнал, Төрийн албаны тэргүүний ажилтан, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг, жуух бичгийг гардууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц шагнал хүртсэн нийт ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, тэдний олон жилийн идэвх, зүтгэл, үр бүтээлтэй хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, санхүүгийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ. Мөн эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

