Үйл явдал4 мин унших
БНСУ-ын пара спортын хөгжлийн туршлагаас сонслоо

Одоохон...
Үйл явдал4 мин унших

УИХ-ын гишүүн О.Саранчулуун БНСУ-ын Паралимпын хорооны Ерөнхийлөгчтэй уулзаж, пара спортын хөгжлийн туршлагаас сонссон тухайгаа хуваалцлаа.
"БНСУ-д ирэхийн өмнө Монголын пара спортын тамирчид, салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал, хэрэгцээг сонссон. Харин энэ удаа БНСУ-ын Паралимпын хорооны Ерөнхийлөгчтэй уулзаж, тус улсын пара спортын тогтолцоо, бүтэц, бодлого өнөөгийн түвшинд хэрхэн хүрсэн талаар ярилцлаа.
БНСУ-д пара спортын 20 гаруй төрөл хөгжиж байгаагаас 19 нь зуны спорт, нэг нь өвлийн спорт байна. Пара таеквондо, пара жүдо зэрэг төрлүүд өндөр түвшинд хөгжсөн бөгөөд Монголын паралимпын тамирчдад хамгийн ээлтэй, бэлтгэл хийх боломж нөхцөлөөр дэмжиж ирсэн сайн түнш орон бол Солонгос юм.

Пара спорт бол зөвхөн спортын байгууллагын асуудал биш.
БНСУ-ын туршлагаас харахад пара спортын хөгжил нь зөвхөн Паралимпын хорооны үйл ажиллагаанаас хамаардаггүй. Хууль эрх зүй, төрийн бодлого, санхүүжилт, парламентын оролцоо, спортын байгууллагуудын уялдаа дээр тулгуурласан цогц тогтолцоогоор хөгжүүлжээ.
Спортын бодлого боловсруулах, дэмжих чиг үүрэг бүхий парламентын бүтэц ажилладаг бөгөөд олимп, паралимпын спортыг бодлого, төсөв, хөгжлийн урт хугацааны төлөвлөгөөтэй уялдуулан авч үздэг. Манайхаар бол спортын асуудал хариуцсан дэд хороотой адил бүтэц юм.
Энэ нь Монгол Улсад пара спортын асуудлыг нэг байгууллагын хүрээнд бус, хууль, бодлого, төсөв, засаглалын тогтолцоотой нь хамт авч үзэх шаардлагатайг харуулж байна.
Тиймээс цаашид Монголын 20 гаруй спортын холбоодтой хамтран урт хугацааны зорилго, алсын хараа, засаглалын бүтэц, санхүүжилтийн тогтолцоогоо тодорхойлох шаардлагатай байна.
Төвлөрлийг сааруулж, салбар бүрийн хариуцлагыг тодорхой болгох
Солонгосын бас нэг чухал туршлага нь спортын бүх асуудлыг нэг байгууллагад төвлөрүүлэхээс илүүтэй холбогдох яам, салбарын байгууллагуудад чиг үүргийг хуваарилж, өөр өөрийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг тогтолцоо юм.
Монголын хувьд үүнийг яам бүрийн дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг илүү тодорхой болгож, чадавхжуулах замаар хэрэгжүүлэх боломжтой.
БНСУ 1990-ээд оноос өмнөх төвлөрсөн тогтолцооноос өөрчлөгдөж, бодлого, үйл ажиллагааг холбогдох салбаруудад хуваарилснаар өнөөгийн бүтэцдээ хүрсэн байна.
Ерөнхийлөгч нь өөрөө 40 жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөө тэмцэж, жагсаал, хөдөлгөөнүүдийг удирдаж ирсэн тухайгаа хуваалцсан. Тэрээр бидэнд “Зоригтой байх хэрэгтэй. Шаардлагаа тодорхой, тууштай тавьж байж өөрчлөлт ирдэг” юм шүү гэв. Хаа явсан газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэгнээ ойлгон, улс орондоо туулж буй асуудлаа ярихаар сайтар сонсоод, манайх наад асуудлыг чинь тэдэн жилийн өмнө яг туулаад ,,,, гэж ирээд тайлбарлаад л ингэчихвэл тэгдэг ингэдэг гээд ярьж өгөх нь үнэхээр түшигтэй санагддаг юм билээ. Хятадад ч бас яг нэг ийм лидертэй уулзаж байхад адилхан л сэтгэгдэл төрж байсан.
Хүртээмж бол пара спортын хөгжлийн суурь
Уулзалтын үеэр хүртээмжийн асуудал мөн хөндөгдөв, Ерөнхийлөгч нь 40 орчим жил тэргэнцэр хэрэглэж байгаа бөгөөд өнөөдөр дэлхийн олон оронд саадгүй зорчиж чаддаг ч Монголд өмнө нь ирэхдээ олон нийтийн газар, барилга байгууламжид нэвтрэхэд хүндрэлтэй байсныг өөрийн биеэр мэдэрчээ. Тэрээр Монголд ирэхэд зарим талаар “1980-аад он руу буцсан мэт” санагдсан тухайгаа ярив. Ийм байхад танай тамирчид бэлтгэл хийхэд хэцүү шүү дээ гэж байлаа.
Гэхдээ өнөөдрийн Солонгосын хүртээмжтэй орчин, пара спортын өнөөгийн тогтолцоо ч нэг өдөрт бий болоогүй. Олон жилийн тэмцэл, бодлого, хөрөнгө оруулалт, шаардлагын үр дүнд өнөөдрийн түвшинд хүрсэн гэдгийг тэрээр дахин дахин онцолсон.

Мөн Монгол Улсын парламентын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүртээмжийн асуудалд анхаарч эхэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, “хамтран дэмжиж ажиллая” арга зүйгээ хуваалцая, туршлагаа хуваалцая гэв.
Монголд хэрэгжүүлэх дараагийн алхам
Энэ уулзалтаас харахад Монголын пара спортын хөгжлийг дараагийн түвшинд гаргахад хэд хэдэн асуудлыг зэрэг авч үзэх шаардлагатай байна.
Үүнд:
* пара спортын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
* тогтвортой төсөв, санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх;
* төр, парламент, спортын байгууллагуудын уялдааг сайжруулах;
* спортын холбоодын засаглал, урт хугацааны зорилгыг тодорхой болгох;
* яамдын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан дэд зөвлөлүүдийг чадавхжуулах;
* спортын дэд бүтэц, бэлтгэлийн орчны хүртээмжийг нэмэгдүүлэх;
* тамирчдын бэлтгэл, тэмцээн, нийгмийн хамгааллыг уялдуулах;
* олимп, паралимпын спортын бодлогыг харилцан уялдуулах шаардлагатай.
БНСУ-ын Паралимпын хорооны Ерөнхийлөгчийг Монгол Улсад дахин ирж, пара спортын холбоод, тамирчид болон бодлого боловсруулагчидтай илүү өргөн хүрээнд уулзаж, туршлага хуваалцахыг урив.
Тэр үед нь Монголын “Саадгүй орчин”-той холбоотой эрх зүйн зохицуулалтыг бодит хэрэгжилтэд хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нөхцөл байдал дээрдсэн байх болноо гэлээ. Байлгана даа…" гэв.


