Үйл явдал1 мин унших
Беларусь улсын байгаль орчны дэд сайдтай санал солилцлоо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Бүгд Найрамдах Беларусь Улсын Байгаль орчны дэд сайд В.А.Галановтай 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Талууд ой, газрын тогтвортой менежмент, усны нөөцийн нэгдсэн менежмент чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, Засгийн газар хоорондын комиссын хүрээнд тохирсон асуудлуудын хэрэгжилтийг хангах, салбарын уулзалтыг тогтмолжуулах шаардлагатайг онцолсон.
Сайд Ц.Сандаг-Очир COP17-ын хүрээнд дэвшүүлж буй Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл, мөн “Олон улсын бэлчээрийн өдөр” санаачилгыг Бүгд Найрамдах Беларусь Улсын талд танилцуулав.
Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 2030 оноос хойших стратегийн чиглэлийг тодорхойлох бодлогын баримт бичгийг боловсруулах Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хүрээнд харилцан ойлголцолд хүрч, тодорхой шийдвэр гаргахаар тохиролцлоо.
Талууд цаашид хамтын ажиллагаагаа бодит ажил, төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх хүрээнд санал нэгдэв.



