Үйл явдал3 мин унших
"Цэнхэр барилга"-ын явцтай танилцаж, ОУ-ын стандартад нийцүүлэхийг үүрэг болгов
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.09) Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн зориулалттай, олон жил саатсан “Цэнхэр барилга”-ын засвар шинэчлэлтийн ажлын явцтай дахин танилцаж, үндсэн засварын ажлуудыг эрчимжүүлж, чанар стандартын шаардлагыг бүрэн хангаж, ажилчдын ажиллах тав тухтай орчныг бүрдүүлж ажиллах үүрэг чиглэл өглөө.
Салбарын сайд барилгын талбайд ажиллах үеэр гүйцэтгэгч “Боёд констракшн” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнууд болон Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг, холбогдох албаныхнаас барилгын ажлын одоогийн гүйцэтгэл, өмнө нь өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт болон үлдэж буй ажлын талаарх мэдээллийг авч, санал солилцлоо.
Гүйцэтгэгч компанийн зүгээс барилгын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хийж буй ажлын гүйцэтгэл, чанарт багаггүй ахиц гарсныг танилцуулж, засварт шаардлагатай барилгын материалын татан авалтын талаар мэдээллээ.
ИНҮТ-ийн удирдлагын зүгээс барилгын ажлын гүйцэтгэл өмнөхөөсөө сайжирч, захиалагчийн хяналтыг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд дотор болон гадна заслын ажлын чанар, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаж байгааг танилцууллаа.
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВД ОРЧИН ҮЕИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ
Энэхүү засвар хийгдэж буй “Цэнхэр барилга” нь энгийн оффисын зориулалттай барилга бус, агаарын навигацийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах тусгай зориулалтын объект учраас чанар, стандарт шаардлагад онцгой анхаарч ажиллахыг сайдын зүгээс анхаарууллаа.
Тус барилгад Франц улсын дэмжлэг, экспортын зээлийн санхүүжилтээр суурилуулах орчин үеийн тоног төхөөрөмжүүд байрлана. Мөн нислэгийн удирдагчид буюу агаарын орон зайг хянах мэргэжилтнүүд 24 цагийн турш тасралтгүй горимоор ажиллана. Иймд барилгын дотоод орчны чанар, шийдэлд онцгой анхаарч, ажилтнуудын аюулгүй, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тэр дундаа барилгын халаалт, дулааны горим, агааржуулалтын систем, гэрэлтүүлэг, цахилгааны болон кабелийн холболтыг стандартын дагуу чанартай гүйцэтгэхийн зэрэгцээ нислэгийн удирдлагын заал, серверийн өрөөнүүдийн тусгай шаардлагыг бүрэн хангаж ажиллахыг чиглэл болголоо.
Энэ үеэр нислэгийн удирдлагын заал болон серверийн өрөөнд суурилуулж буй давхар буюу хөндийрүүлсэн шалны хийц, угсралтын ажлын талаар холбогдох мэргэжилтнүүд танилцуулж, техникийн стандарт, аюулгүй байдлын шаардлагыг ханган ажиллаж байгаагаа танилцууллаа.
ДЭЭВЭР, УС ТУСГААРЛАЛТ, ДУЛААН, ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ САНУУЛАВ
Зам, тээрийн сайд Б.Дэлгэрсайхан давхар бүрийн засварын ажилтай танилцаад, барилгын дээвэр, ус тусгаарлалт, дулааны шийдэл, инженерийн шугам сүлжээний ажлын чанарт онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн тэрээр олон улсын нисэхийн стандарт, орчин үеийн технологийн шаардлага хангасан, агаарын навигацийн үйл ажиллагааны найдвартай байдлыг хангахуйц барилга байгууламж бий болгох нь нэн чухал болохыг онцолж, барилгын ажлыг урт хугацааны ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагатай уялдуулахыг санууллаа.
Сайдын зүгээс үлдсэн ажлуудыг эрчимжүүлж, хугацаанд нь бүрэн дуусгахыг гүйцэтгэгч болон захиалагч талд үүрэг болголоо. Хэрэв засвар шинэчлэлтийн ажлыг товлосон хугацаанд бүрэн дуусгаж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэнтэй холбоотой халаалт, дулаан, эрчим хүчний хэрэглээний зардлыг гүйцэтгэгч компаниар хариуцуулах зарчим баримталж ажиллахаа мэдэгдэв.
Эх сурвалж:
Зам тээврийн яам


